Кремлийн суртал нэвтрүүлгийн сошиал сувгууд Эпштейний хэргийн дуулианыг ашиглан хуурамч мэдээлэл, хуйвалдааны онол тараах ажиллагаа эхлүүлснийг AFP агентлаг болон Лондонд төвтэй ISD (Institute for Strategic Dialogue) хүрээлэнгийн хамтарсан судалгааны үр дүн харуулжээ.
Пүрэв гарагт танилцуулсан уг тайланд дайн эхэлсэн цагаас хойш Украины нутаг дэвсгэрээс Орос руу хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн нь үнэн хэрэгтээ бэлгийн мөлжлөгөөс аврах зорилготой байсан гэх мэдээллийг Фэйсбүүк, Х, ТикТок сувгуудаар идэвхтэй тарааж буйг дурдсан байна.
АНУ-ын хууль зүйн яам нэгдүгээр сарын 30-ны өдөр бэлгийн хүчирхийлэгч Эпштейн агсны хэргийн их хэмжээний материалыг олон нийтэд ил болгож дууссан юм.
Жеффри Эпштейн насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр шалгагдаж байхдаа 2019 онд Нью-Йоркийн шоронд амиа хорлож байв.
Кремлийн сувгуудын тарааж буй мэдээлэлд Украиныг дэлхийн хүний наймааны төв мэтээр харуулж, Эпштейний материалуудад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг сүлжээнээс Украины хүүхдүүдийг авран хамгаалахыг хичээж буйг харуулсан баримт олдсон тухай дурджээ.
Тухайлбал гурван сая гаруй удаагийн хандалттай нэг Х нийтлэлд “Украины хүүхдүүдийг Путин хулгайлаагүй, харин тэднийг бэлгийн мөлжлөгийн золиос болохоос аварсныг Эпштейний баримтууд харууллаа” гэж бичсэн байна.
Эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Украины 20,000 орчим хүүхдийг Оросын нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлсэн гэх тоо баримтыг Киевийн эрх баригчид баталдаг.
Оросын тал үүнийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг ч зорилгоо хүүхдүүдийг дайны гамшгаас хамгаалах гэж тайлбарлаж байв.
Суртал нэвтрүүлгийн зарим нийтлэлд бүр Путиний энэ хичээл зүтгэлийг зогсоохын тулд Эпштейн агсан түүнтэй уулзахыг хүсэж байсан тухай бичжээ.
“Тэд зүгээр л мэдээллийн орон зайг энэ бүх зүйлээр дүүргэхийг хичээж, энэ нь хэр хол явахыг ажиглаж байна” гэж судалгааны хамтран гүйцэтгэгч Ольга Токариук хэлсэн байна.
Зөвхөн Х платформ дээр Украин улс хүний наймааны төв болохыг, хүүхдүүдийн нүүлгэн шилжүүлэлт тэднийг аврах зорилготой байсныг баталсан 150,000 гаруй нийтлэл орсныг судлаачид тогтоожээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!