УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийг нь шүүмжилсэн иргэнд хандан зүй бус үг хэлж, бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн. Үүнийхээ дараа тухайн лайваа устгасан байв. Гэвч түүний хараал хэлэн бүдүүлэг авирлаж буй бичлэг сошиалд тараад байгаа юм.
Тодруулбал "Намайг оролдоод сайнаа үзэхгүй шүү гуйлгачин минь. Би төрийн өндөр албан тушаалтан шүү, намайг доромжилж гүтгэж харлуулж болно гэж бодож байна уу. Би чамайг гөлөг болгоно" хэмээн ярьсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай өнөөдөр уулзаж, түүний олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгийн агуулга нь Ардчилсан намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгаа тул ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг санууллаа.
Уулзалтын дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээнд "Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу хандлага гаргаж, иргэний нэр төр, алдар хүндийг сэвтүүлсэндээ хүлцэл өчиж байна. Цаашид бусдын шүүмжлэлтэй үгэнд хүндэтгэлтэй хандана" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!