Энэ сарын 6-наас 15-ныг дуустал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо ахмадын "Open Masters Games 2026" тэмцээн болж буй.
Ахмадын тэмцээнд оролцох тамирчдын хамгийн залуу нь 30 настай. Харин дээшээ насны хязгаар тогтоогоогүй. Нийт 92 орны 25,000 гаруй тамирчин энэ удаагийн наадамд спортын 30 төрлөөр өрсөлдөж байна.
Тэгвэл тэднээс хамгийн өндөр настай нь энэ жил 92 нас хүрэх Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа юм. Тэрбээр 1934 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн билээ.
Хэдхэн хоногийн өмнө Ц.Раднаа гуай эрэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд оролцоод 39.64 секундэд замаа дуусгаснаар алтан медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд үлдсэн хугацаанд 400, 800, 1,500 метр болон гурвын харайлтын төрөлд өрсөлдөхөөр зэхэж байна.
Ц.Раднаа гуай медаль хүртсэнийхээ дараа сэтгүүлчдэд "Би огтхон ч ядраагүй. 95 нас хүртлээ гүйхээр төлөвлөж байгаа" гэж ярьжээ.
1962 онд Биеийн Тамирын Дээд Сургуульд орсноос хойш гүйлтийн спорттой амьдралаа холбосон Ц.Раднаа гуай өнгөрсөн жилийн тавдугаар сард Тайпэй хотод болсон ахмадын наадмаас таван алт, хоёр сарын өмнө АНУ-д болсон ахмадын танхимын наадмаас зургаан алтан медаль хүртсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!