Уншиж байна ...

УБТЗ-ын Бор-Өндөр өртөө автомат системд шилжжээ

ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Манай улсын экспортын уул уурхайн бүтээгдэхүүний ачилт хийгддэг төмөр замын гол өртөөдийн нэг Бор-Өндөр өртөөг бүрэн автоматжуулж цахилгаан төвлөрүүлэлтийн системд шилжүүллээ.

Энэхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр өртөөний сэлгээний ажил түргэсэж, ачилтын хэмжээ нэмэгдэх боломжтой болж байна. Ингэснээр вагон эргэлт сайжирч, зардал буурч, орлого нэмэгдэхээс гадна хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж эрсдэл буурна.

Мөн Бөр-Өндөр – Айраг өртөө хооронд 54 км шилэн кабель тавьж, дохиолол холбооны үйл ажиллагааг тоон системд шилжүүлсэн байна. Ингэснээр цаг агаарын болон гаднын хүчин зүйлийн нөлөөнд орохгүй дохиолол холбооны үйл ажиллагааг чанартай найдвартай гүйцэтгэх боломжоор хангагдаж байна.

Түүнчлэн өртөөнд шинэ гэрлэн дохио, релейний шүүгээ, жижүүрийн удирдлагын шинэ пульт зэрэг олон тоног төхөөрөмжийг угсарч суурилуулжээ. Тоног төхөөрөмжийн энэхүү шинэчлэл нь өртөөний ажлын үзүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулах юм.

Нээлтийн арга хэмжээнд “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн болон холбогдох албаны удирдлага, өртөөний ажилчид оролцов.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.