Уншиж байна ...

"Багш нарт анх амласан цалингаа өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих хүсэлтэй байгаагаа олон хүн илэрхийлсэн"

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд хууль тогтоомж зөрчсөн асуудлаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг холбогдох байгууллагад албан ёсоор гардуулахаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.

Энэ талаар Ажлын хэсгийг ахалж буй З.Цогтгэрэл "Хамгийн анх боловсролын салбарын багш, ажилтны цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50%, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26% нэмэхээр 986.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулахаар хэлэлцээр хийсэн боловч яг төсвийг батлахдаа 518 тэрбум болгож бууруулсан нь өнөөдрийн үүсээд буй хүндрэл, нөхцөл байдлыг бий болгосон.

Мөн ачааллын нэмэгдэл хэлбэрээр 100 гаруй тэрбум төгрөг олгогдож байгаа. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа 90,000 орчим хүний цалин, хөлсний нэмэгдлийг дээр дурдсан мөнгөн дүнд тохируулах болоод буй. Тиймээс уг асуудлаар бид Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Дээрх асуудал шийдэгдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих хүсэлтэй байгаагаа маш олон газар мэдэгдсэн" гэж хурлын эхэнд онцоллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Э.Тамир "Өнгөрсөн 2025 онд манай үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхэнд онцгой үйл явдал өрнөсөн. Тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэгдсэн журмаар улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн билээ.

Улс орон даяар 40,000 багш, ажилтнууд энэ жагсаалд оролцсон нь хамгийн өргөн цар хүрээтэй байв.

Ингэснээр Монгол Улсын түүхэнд хөдөлмөрийн харилцаанд цалингийн нэмэгдсэн хувь хэмжээгээр бол урьд өмнө нь үзэгдээгүй амжилтыг танай салбарын хамт олон үзүүлсэн.

Харин одоо бид хамтын тэмцлийн үр дүнгээ баталгаажуулах цаг үе ирлээ. Одоо бидэнд улсын төсвийн тодотголоор дахиж нэмэлт эх үүсвэрийг бий болгох шаардлага үүсээд байна. Бид өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр анх тохиролцсон хувь хэмжээнийхээ цалинг нөхөж олгох болов уу гэсэн хүлээлттэй байсан ч харамсалтай нь нөгөө тал маань хэлсэн үгэндээ хүрсэнгүй.

Бидэнд ирсэн мэдээллээр бол үндсэн цалин улс орон даяар нэмэгдсэн байна. Харин нэмэгдэл хөлс, ур чадварын нэмэгдэл, хоол, унааны мөнгө хасагдсан. Тиймээс бидний одоо тавьж буй шаардлага маш тодорхой. Засгийн газартай анх тохиролцсон хэмжээгээ л авахыг хүсэж байна. 

Бид цаг тухайд нь холбогдох байгууллагуудад шаардлагаа хүргүүлж байгаа. Өмнө нь Улсын Их Хурал (УИХ)-ын даргад энэ асуудлаар шаардлагаа хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нягталж үзээд Засгийн газар маань өөрсдөө хууль тогтоомжоо зөрчсөн байна гэж бид үзэж буй.

Тухайлбал Засгийн газрын хэм хэмжээгээр олгогдсон эрхийг сайд нарт шилжүүлсэнтэй холбоотойгоор Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хувьсах зардалтай холбоотой тодорхой асуудлаар ялгаварлан гадуурхаж, ажилтанд олгогдсон суурь эрхийг зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Өнөөдөр бид Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хандаж байна" гэлээ.