Энэ сарын эхээр Украины эрх баригчид SpaceX компанитай хамтран ажилласны үр дүнд Оросын армийн тулааны талбарт ашиглаж байсан Старлинк терминалууд ажиллагаагүй болсон билээ.
Үүний улмаас Оросын армийн дотоод харилцаа холбоо хүнд байдалд орсноос гадна Старлинкээр удирдагддаг нисгэгчгүй онгоцнууд ашиглалтаас гарсан гэх мэдээлэл бий.
Одоо Украины нутаг дэвсгэрт зөвхөн Киевийн эрх баригчдын “цагаан жагсаалт”-д бүртгэгдсэн терминалууд ажиллаж байгаа.
Тэгвэл Оросын тал Украины иргэдэд уг жагсаалтад багтаж, зөвшөөрөгдсөн Старлинк терминалыг худалдаж авах санал тавьж эхэлсэн талаар албаныхан мэдээлжээ.
Мягмар гарагт Украины олзлогдсон цэргүүдийн асуудал хариуцдаг байгууллагаас гаргасан мэдэгдэлд Оросын талаас олзны цэргүүдийн ар гэрийнхэнд Старлинкийн зөвшөөрөлтэй терминал олж өгөхийг шаардсан тохиолдол олон удаа гарсан талаар мэдээлсэн байна.
“Өөрсдийгөө хүнд байдлаас гаргах арга зам хайхдаа эзлэн түрэмгийлэгчид олзны цэргүүдийн ар гэрийнхнийг сүрдүүлэх хувилбарыг ашиглаж эхэлсэн байна. Старлинк темриналуудыг албан ёсны бүртгэлд оруулахыг шаардаж, заналхийлсэн тохиолдлууд бидэнд бүртгэгдсэн” гэж Дайны Олзлогдогсдын Асуудлыг Зохицуулах Төв мэдэгдэлдээ өгүүлжээ.
Старлинк терминалыг “цагаан жагсаалт”-д бүртгүүлэхэд эзэмшигчийн иргэний бичиг баримт шаардагддаг.
Тиймээс Оросын армид бүртгүүлсэн терминалаа ашиглуулсан тохиолдол илэрвэл тухайн иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авахыг дээрх мэдэгдэлд анхааруулжээ.
Зарим тохиолдолд Оросын тал бүртгүүлсэн терминал бүрд $230-ын шагнал амласан баримт байгааг Украины батлан хамгаалах яамны зөвлөх, дроны эксперт Сергей Бескрестнов мэдээлсэн байна.
Энэ нь Украины иргэдийн сарын дундаж цалингийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.
Старлинкийн тасалдал Оросын зэвсэгт хүчинд ноцтой асуудал үүсгэсэн гэж ажиглагчид үзэж байгаа. Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг блогчид ч үүнийг хүлээн зөвшөөрч, Өрнөдийн технологид хэт найдсан армийн удирдлагаа шүүмжилцгээж байна.
Старлинкийг ямар ч харилцаа холбооны системээр бүрэн орлуулах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Москвагийн эрх баригчид үүнтэй өрсөлдөх нам өндрийн тойрог замын хиймэл дагуулын систем хөгжүүлэх гэж оролдож байгаа ч урагш муутай байна.
Энэ зорилгоор ашиглах нийт 300 хиймэл дагуулын эхний 16-г 2025 оны сүүлээр хөөргөхөөр төлөвлөсөн байсан ч нэг жилээр хойшилсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!