Хотын дарга Х.Нямбаатар орлогч, туслах, зурагчин, зураглаачийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг нэгэн айлд очиж мах татаж, бууз хийж буй бичлэгээ өөрийн цахим хуудаст байршуулжээ. Хотын даргаар бууз хийлгэсэн айл хийн түлш ашигладаг аж.
Тус бичлэгийг товчилж тайлбарлахын зэрэгцээ зураг болгон ашигласан болно.
Хотын дарга ОХУ-ын хийн түлш үйлдвэрлэгч компанитай хамтрахаар нөхцөл байдлаа танилцуулж явахдаа гудамд таарсан иргэний гэрт очихоор болов. Хотын даргатай тааралдсан иргэн дэлгүүрээс ундаа худалдаж аваад харьж явж. Ийнхүү хотын дарга дагалдан яваа хүмүүсийн хамтаар хийн түлш хэрэглэдэг айлд "гэнэт" яваад ортол албаны бололтой ганц нэг хүн, камер хальт харагдах нь гэнэтийн айлчлал биш гэдгийг илтгэнэ.
Ингээд гаднын компанийн төлөөлөгчдийн үдэж гаргаад, айлд үлдсэн хотын дарга гэрийн эзэдтэй танилцав. Энэ айлынх сар шинийн буузаа хийж таарч. Гэр хорооллын өрхүүдийг хийн түлшээр хангадаг болох төлөвлөгөө нухацтай тайлбарлаж суусан хотын дарга гэнэт "Дэмий ярьж суухаар буузнаас чинь чимхэлцчих үү" гэснээр юу юугүй ханцуйгаа шамлан гараа угаагаад эхэлсэн. Хотын даргын гараа угаасан угаалтуураас халуун ус гоожих аж. Учир нь тухайн өрх газ ашиглан усаа халааж, цахилгаанаа хэмнэдэг юм байна.
Ингээд Х.Нямбаатар дарга Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны оршин суудаг, газаар цахилгааны хэрэглээгээ шийдсэн нэгэн айлын цагаан сарын буузыг хийлцэж эхэллээ. Мах татаж буй хотын даргын магнай хөлөрч, хөлс нь чийхарсан нь бичлэгээс тодхон харагдана. Тэгэхээр газын халаагуур сайн ажилладаг байх нь.
Сар шинийн бууз тойрсон халуун дулаан яриа өрнөдөг ёсоор нутаг усаа мэдэлцэн хууч хөөрцгөөв.
Энэ зуурт даргаа дагаж яваа хотын орлогч А.Амартүвшин ч гурил элдэж суугаа харагдана. Ингээд туслахынхаа элдсэн гурилаар хонин бууз чимхсэнийг нь түүнийг дагаж яваа хороон дарга эмэгтэй, айлын эзэгтэй ихэд тоов. Яг энэ үед гэрийн эзэн нутгийнх нь рашааныг савлаад худалддаг болсон талаар ярьж, тухайн рашааныг харуулав. Хотын даргаас өөр хүний бичлэгт ийм үзэгдэл харагдвал тухайн рашааныг үйлдвэрлэгчийн захиалгаар сурталчилж байна гэж хардахаар. Гэхдээ хотын дарга хийн түлшний хэрэглээг харуулах зорилготой тул ямар нэгэн сурталчилгаа хавсруулаагүй биз ээ.
Яах ийхийн зуургүй цай буцалж, бууз болж идэж уув. Энэ нь мөн л газын чанар, хэрэглээний давуу талыг илтгэнэ.
Ийнхүү хотын даргын гэнэтийн бус айлчлал өндөрлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!