Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч, уран нугараач Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Тэрбээр "Налайхын унаган хүү, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж яваа МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо.
Уран нугараач, циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир дүү маань Налайх дүүргийн 43 дахь хүндэт иргэн боллоо. МУГЖ Э.Лхагва-Очир нь 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, есөн настайгаасаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн.
МУГЖ Э.Лхагва-Очир нь Монгол Улсаа төлөөлж 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтыг толилуулсан байна.
МУГЖ, Налайх дүүргийн хүндэт иргэн уран нугараач Э.Лхагва-Очирын хамт суралцаж төгссөн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.
Төрөлх дүүрэг, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, өөрийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, авьяасаараа цойлж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир танд болон танай гэр бүлд дүүргийнхээ иргэдийн нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, аз жаргал хүсье" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!