Олон улсын хориг арга хэмжээг зөрчин газрын тос хулгайгаар тээвэрлэдэг хөлөг онгоцыг Карибын тэнгисээс эхлэн хөөсний эцэст Энэтхэгийн далайд саатуулснаа АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт өчигдөр мэдээлжээ.
Өнгөрсөн сарын эхээр ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа явагдсаны дараа Венесуэлийн эргээс хэд хэдэн ачааны хөлөг зугтсаны нэг нь өчигдөр саатуулагдсан хөлөг юм байна.
Даваа гарагт Мэйн мужид хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ Хэгсэт “Цэргийн командлагчийнхаа хувиар өгсөн миний даалгавар бол тэдгээрийг ганцыг ч үлдээхгүй олзлох. Ингэхийн тулд дэлхийг тойрох хэрэгтэй байсан ч хамаагүй” гэж ярьжээ.
Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны нөөцийг хяналтдаа авахын тулд өнгөрсөн хугацаанд долоон ачааны хөлгийг олзлоод байгаа.
Өмнөхөөсөө ялгаатай нь Aquila II хөлгийг шууд олзлоогүй, одоогоор зөвхөн хяналтдаа аваад байгаа гэнэ.
Энэ хооронд албан ёсоор хураах шийдвэрийг Вашингтонд гаргах юм байна.
Панамын далбаан дор хөвдөг Aquilla II хөлөг Оросын газрын тосыг тээвэрлэснийхээ төлөө АНУ-ын хар жагсаалтад орж байжээ.
Хонконгод бүртгэлтэй компанийн уг хөлөг өнгөрсөн оны ихэнх хугацааг радио дамжуулагч нь унтраалттай аялсныг хөлөг онгоцнуудын мэдээллийн сан харуулж байна.
Энэ нь хууль бус ачаа тээвэрлэхэд ашигладаг “харанхуй гүйлт” гэгддэг арга ажээ.
Ачаа тээврийн хөлгүүдийн байрлалыг хиймэл дагуулын зураглал ашиглан тогтоодог TankerTrackers.com сайтын үүсгэн байгуулагчдын нэг Самир Маданигийн хэлснээр өнгөрсөн сард Венесуэлийн эргээс нийт 16 ачааны хөлөг зугтсан юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!