Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Гэвч төлөөлөгчдийн болон дүүргийн засаг дарга нарын ирц хангалтгүй байсан талаар НИТХ дахь Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч нар шүүмжлэв.
НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт: Төлөөлөгч нар хуралдаа маш хангалтгүй оролцож байна, тав дахь өдөр болохоор ингэдэг юм уу. Энэ танхимд 11 хүн сууж байна, уг нь бид 45 төлөөлөгчтэй. Энд тэнд өрөө саваар ороод ажлаа амжуулаад явж байгаа төлөөлөгч нарыгаа оруулж ирье.
Бид асуудал танилцуулж буй дарга нарт хатуу шаардлага тавьдаг атлаа өөрсдөө хуралдаандаа оролцдоггүй баймааргүй байна. Тиймээс албан ёсны нэгдсэн хуралдаандаа оролцмоор байна.
НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч О.Зундуйдорж: Нэг юм данхайгаад ирэхээр юу болж байгааг хар. Хан-Уул дүүрэг дээр би гурван удаа очиход Засаг дарга нь байхгүй байсан. Яагаад чуулган хүндэлдэггүй юм бэ. Цагдаа, эмнэлэг, аудитын хүмүүстэй очиж зураг дардаг даргатай болсон. Улаанбаатар хотын хоёр дахь том төсвийг атгаж байгаа хүн. Эсвэл Ж.Алдаржавхланг авчирч ажиллуул. Цэрэн дарга гээд юу ч хийдэггүй, Хан-Уул дүүргээр дүүрэн асуудал байна.
НИТХ нь Улаанбаатар хотын том асуудлаар сардаа нэг удаа хуралддаг дэгтээ өөрчлөлт оруулъя, эсвэл байнгын ажиллагаатай болъё. НИТХ-ын төлөөлөгч гэхээр өдөр шөнөгүй хуралддаг гэж бодоод байна. 2024 оны сонгуулиас хойш 14 дахь удаагаа хуралдаж байна. Хэлэлцэх асуудалтай холбоотой тайлбар авч, санал хэлдэг.
Улаанбаатар хотын харъя 99 байгууллагын 55-аас нь 2023 оноос хойших үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гэх 13,000 хуудас материал байна. Хуулийн дагуу хулгай хийдэг, мэргэшсэн нарийн мэргэжлийн 15 жилээс дээш жил ажилласан төрийн албан хаагчид байна. Зөвхөн даргад таалагдсан шийдвэр гаргадаг. Татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж ажилладаг хэсэг бүлэг хүмүүс байгааг ургийн мод болгоод танилцуулна.
1.8 сая иргэнийг төлөөлөөд 45 хүн энэ танхимаас шийдвэр гаргадаг. Гэтэл одоо 10 хүн сууж байна. Ингэж төрийн ажил хийж байгаа бол ирээд хэрэггүй. НИТХ-ын дэгт өөрчлөлт оруулмаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!