Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан дархлаажуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бидний дархлаа тогтолцоо өдөр бүхэн хэдэн мянган нянг амьсгал, хоол унд, арьс салстаараа дамжуулж биедээ оруулдаг. Үүний ихэнх нь аюултай өвчин үүсгэдэггүй. Харин зарим нь аюултай өвчин үүсгэгч буюу эмгэг төрөгч. Эдгээр өвчнөөс хамгаалах ганц арга нь дархлаажуулалт юм. Хүн төрөлхтөн вакцинаас илүү хамгаалалтыг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Вакцины үр дүнд нялхсын эндэгдэл 100 дахин буурч, дэлхийн хүн ам 8 тэрбум болж өссөн" гэлээ.
Түүнчлэн вакциныг эсэргүүцэж ярьдаг хүмүүсийн талаар "Голчлон хардалт, хуйвалдаанд тулгуурласан зүйлс ярьцгаадаг. Тэр хүмүүсийн ярьж байгаад итгээд өөрийнхөө хүүхдийг дархлаажуулалтад хамруулаагүй байхад дэгдэлт гарч, хүүхэд тань хүндээр өвдвөл тэр хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг анхааруулж хэлмээр байна. Үр хүүхдээ эрүүл, эсэн мэнд өсгөе гэвэл өргөн дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!