Италийн Милан-Кортина хотод болох өвлийн олимпод Испанийн уран гулгагч Томас Гуарино Сабатэ өөрийг нь олонд танигдахад нөлөөлсөн "Minions" хүүхэлдэйн киноны аяыг ашиглах боломжгүй болсноо мэдэгдээд байв.
Учир нь 26 настай испани эр оюуны өмчийн асуудлаар "Universal Pictures" компаниас эрх авч чадаагүйгээ өөрийн цахим хуудсаар мэдээлсэн юм.
Испанийн зургаан удаагийн аварга уран гулгагч эр анх удаа олимпод өрсөлдөх гэж буй. Тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээний богино үзүүлбэрт оролцохдоо анх "Minions" хүүхэлдэйн киноны аяыг ашигласан юм. Хэдийгээр шүүгчдээс өндөр үнэлгээ аваагүй ч үзэгчдээс магтаалын үг харамгүй сонсжээ.
Тэгвэл энэ үзүүлбэрээ олимпод ашиглах боломжгүй болсноо мэдэгдсэний дараа олон нийтийн сүлжээнд спорт сонирхогчид "Universal Pictures" компанийг шүүмжилсэн байна. Тиймээс компанийн зүгээс энэ асуудалд уян хатан хандахаар болсныг испани эр баяртайгаар мэдэгджээ.
Өвлийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг төрөл бол уран гулгалт. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр хоёрдугаар сарын 10-нд болох юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!