Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймгаас нийслэл руу буцаан нүүлгэх эсэхийг салбарыг сайдаас сэтгүүлчид тодруулжээ. Тэрбээр дараах хариултыг өгсөн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Яамыг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу нүүлгэх шийдвэр гаргаагүй. Намайг ажил авахад яам хоёр талдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Харьяа газруудын дийлэнх нь Дархан-Уул аймагт, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Судалгаа хөгжлийн төв болон лабораториуд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг.
Нэг саналын зөрүүгээр зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр УИХ-ын тогтоол гарч, ХХААХҮЯ Дархан-Уул аймаг руу нүүсэн.
Хэрэв би өмнө нь энэ салбарын сайд байсан бол олон нийт болон ажилтан, албан хаагчдаас санал асуулга авсны үндсэн дээр яамаа нүүлгэх эсэхийг шийдэх байсан. УИХ дээр гэнэт л зарчмын зөрүүтэй санал гаргаад шийдээд явчихсан. Тэр үед хүний эрхэд нөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Мөн судалгаа, тооцоо багатай шийдвэр байсан.
Би бол хүний эрхийг дээдэлнэ. Нэг сайд нь нүүлгээд, нөгөө сайд нь буцаагаад авчраад хүний эрхэд халдаж, хүнээр тоглосон зүйл байж болохгүй. Хүмүүс байр сууцаа зараад, гэр бүлээ ажлаас нь гаргаад, хүүхдүүдийнхээ сургуулийг шилжүүлээд явсан. Тиймээс энэ тоглоом биш.
Манай яамны зарим хэсэг нийслэлд байгаа. Яагаад нүүгээгүй вэ гэвэл, Засгийн газар, УИХ-тай харилцах, мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээнүүд нь Дархан руу нүүчихээр болохгүй байсан учраас заримыг нь энд үлдээсэн.
Яамыг буцааж нүүлгэх асуудалд Ерөнхий сайд тодорхой хариулт өгсөн. Тухайн үед “ХХААХҮЯ-ыг нүүлгэх шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргасан. Тиймээс буцааж авчрах асуудлыг УИХ л шийднэ” гэсэн. Би Ерөнхий сайдын кабинетын гишүүн учраас Ерөнхий сайдыг шийдвэрийг дагана.
ХХААХҮЯ-ны 60 гаруй албан хаагчийн орон сууцны урьдчилгааны 30 хувь буюу 3-4 тэрбум төгрөгийг Хөдөө аж ахуйн бирж/ХААБ/-ийн хуримтлуулсан ашгаас гаргасан юм билээ. 60 гаруй албан хаагчийн орон байрыг шийдэхгүй бол хүмүүс очихгүй байсан юм билээ.
Тиймээс Дархан-Уул аймагт ажиллаж байгаа яамны албан хаагчид буцаад нүүнэ гэж санаа зовнихгүйгээр ажлаа хийж болно. Гэхдээ парламент буцааж нүүлгэх шийдвэр гаргавал нүүнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!