Италийн засгийн газрын төв байраас хэдхэн метрийн зайд оршдог Лучина дахь Сан Лоренцогийн цогчин дуганы хананд байрладаг чимэг зурагт дүрсэлсэн сахиусан тэнгэр тус улсын ерөнхий сайд Жоржа Мелонитой адилхан харагдаж байгааг хэвлэлүүд олж мэдээлжээ.
Ром хотын хамгийн эртний Христийн сүмүүдийн нэг гэгддэг энэ түүхэн байгууламжид саяхан сэргээн засварлах ажил хийгдэж дууссан юм.
Жигүүртэй сахиусан тэнгэрийн дүрс 1946 онд ширээнээсээ түлхэгдэн унах хүртлээ ердөө нэг сар засагласан Италийн сүүлчийн хаан II Умбертогийн цээж баримлын дэргэдэх хананд байрладаг юм байна.
Италийн хэвлэлүүд сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн уран бүтээлчид зориуд сахиусан тэнгэрийн царайг ерөнхий сайдынхтай адилхан болгож өөрчилсөн гэж сэжиглэжээ.
Ажлыг гүйцэтгэсэн зураач Бруно Валентинетти нь тус улсын баруун жигүүрийн улс төрийн хүчинтэй удаан хугацааны турш харилцаатай байсныг La Repubblica сонин олж мэдээлсэн байна.
Сүмийн санваартан Даниэле Мичелетти “Үнэхээр тодорхой төс бий. Гэхдээ сэргээн засварлагчаас яагаад ингэж хийснийг асуух хэрэгтэй байх. Би мэдэхгүй байна” гэж ANSA агентлагт ярьжээ.
Энэ талаар Валентинетти ерөнхий сайдыг ханын зурагт мөнхлөхийг зорьсноо няцаагаад “Би өмнө нь ямар байсныг яг хэвээр сэргээсэн” гэж сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Мелони ч бас өөрийнх нь нэр холбогдсон энэ дуулианд анхаарлаа хандуулжээ.
Тэрбээр саяхан Инстаграм хуудсандаа ханын дүрсний гэрэл зургийг нийтлээд “Үгүй ээ, би сахиусан тэнгэртэй огт төстэй биш” гэж хошигнон бичсэн байна.
Гэвч хэд хэдэн сөрөг хүчний улс төрч гомдол гаргасны дараа Бямба гарагт Италийн соёлын сайд Алессандро Жюли сэргээн засварласан ажлыг шалгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Сөрөг хүчний Таван Од Хөдөлгөөний мэдэгдэлд “Бид ерөнхий сайдын царай мөн эсэхээс үл хамааран урлаг, соёлын бүтээлийг улс төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!