Энэ долоо хоногт Хятад улсад айлчилсан Их Британийн ерөнхий сайд Кир Стармер хоёр улсын эдийн засгийн форумын үеэр Лабубу тоглоомын үйлдвэрлэгч Pop Mart компанийн үүсгэн байгуулагчтай уулзжээ.
Энэ үеэр тэд Pop Mart компанийн Европ тив дэх төв оффисыг Лондон хотод байгуулахаар тохиролцсон байна.
Баасан гарагт Хятадын хэсэг гүйцэтгэх захирлуудтай Стармер хаалттай горимд уулзахад Pop Mart компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Нин тэдний дунд байжээ.
“Лондон бол дэлхийн бүтээлч экосистемийн төвд байрладаг хот бөгөөд бид тэнд Европын үндэс сууриа тавих болсондоо баяртай байна” гэж Ван уулзалтын дараа мэдэгдсэн байна.
Энэ алхмын хүрээнд Pop Mart долоон шинэ салбар дэлгүүрээ Их Британид нээхээр болжээ. Уг хөрөнгө оруулалт Их Британид 150 гаруй шинэ ажлын байр бий болгох гэнэ.
Үүнээс гадна Pop Mart ирэх нэг жилийн хугацаанд Европ даяар 20 орчим шинэ дэлгүүр нэмж нээхээр төлөвлөжээ.
Кир Стармер нь сүүлийн найман жилийн хугацаанд Хятадад айлчилсан Их Британийн анхны ерөнхий сайд болсон юм.
АНУ-ын засаг захиргаатай харилцаа хурцадмал байдалтай байгаа энэ үед тэр дэлхийн хоёр дахь том зах зээл болох Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.
Пүрэв гарагт болсон яриа хэлэлцээний үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин дэлхий дахинд тогтворгүй байдал ноёрхож буй энэ цаг үед хоёр улсын харилцаанд “шинэ хуудас” нээхийг уриалж байв.
Стармер энэ үеэр урт хугацааны, тогтвортой цогц стратегийн түншлэлийг эрэлхийлэх нь хоёр улсын хувьд “чухал” болохыг онцолсон тухай Шиньхуа агентлаг мэдээлжээ.
“Сохор хайрцагтай” цуглуулгын тоглоом, Лабубу хүүхэлдэйн цувралаараа алдаршсан Pop Mart компанийн үйл ажиллагаа Хятадаас хальж, дэлхийн олон оронд салбараа нээж байгаа.
Өнгөрсөн оны дунд үед тус компани Европ даяар 18 дэлгүүр ажиллуулж байжээ. Үүнээс хойш Копенхаген, Ром зэрэг том хотуудад найман шинэ дэлгүүр нээсэн байна.
Citigroup-ийн шинжээчид 2026, 2027 онуудад тус компанийн гадаад зах зээлийн орлого тус тус 55, 60 хувиар өсөх тооцоо гаргажээ.
Эх сурвалж: Assosiated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!