Энэ долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт оршдог колтаны уурхайд үүссэн нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алдсаныг орон нутгийн удирдлага Баасан гарагт мэдээлжээ.
Рубаяа хэмээх энэ уурхай дэлхийн колтаны нийлүүлэлтийн 15 орчим хувийг хангадаг. Колтан бол гар утас, компьютер, сансрын технологи, хийн турбин үйлдвэрлэгчдийн ашигладаг халуунд тэсвэртэй металл болох танталын түүхий эд юм.
Энэ уурхайд нутгийн иргэд өдрийн хэдхэн долларын хөлстэй ажиллаж, гар аргаар олборлолт явуулдаг.
Уурхай 2023 оноос хойш М23 гэгддэг босогчдын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа юм.
Лхагва гарагт нуралт болсон бөгөөд Баасан гарагийн оройн байдлаар хэчнээн хүн дарагдсаныг бүрэн тогтоож чадаагүй байжээ.
“Одоогоор 200 гаруй хүн амиа алдсан бөгөөд нурангид дарагдсан хүний тоог эцэслэн тогтоогоогүй байна” гэж босогчдын томилсон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгч Лумумба Камбере Муйиса мэдэгджээ.
Бэртсэн хэд хэдэн хүнийг Рубаяа тосгоны гурван эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн бөгөөд Бямба гарагт тэднийг 50 км зайд оршдог Гома хотод хүргэх төлөвлөгөөтэй байгааг тэр нэмж мэдээлсэн байна.
Босогчдын томилсон Умард Киву мужийн захирагч нуралт үүссэн уурхайд гар аргаар олборлолт явуулахыг түр зогсоож, уурхайн ойролцоо өөрсдийн босгосон оромжид амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.
Сүүлийн өдрүүдэд орсон их устай бороо нуралтын гол шалтгаан болсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!