Сингапур улс Баасан гарагаас эхлэн хилийн хоригтой гадаадын иргэдийг тус улс руу нисэх онгоцонд суулгахгүй байх арга хэмжээ авч эхэлжээ.
Уг шинэ журам нь “хүсээгүй, эсвэл хориглосон цагаачид, мөн Сингапурт нэвтрэх шаардлагыг хангаагүй хүмүүсийг Сингапурын чиглэлд нисэх онгоцонд суухаас урьдчилсан сэргийлэх зорилготой” гэж тус улсын цагаачлалын алба тайлбарласан байна.
Тус улсын Селетар, Чанги нисэх буудлууд руу нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудад NBD (no-boarding directive) хэмээх мэдэгдэл өгчээ. Уг мэдэгдэлд Сингапурт урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан, өөр хүний бичиг баримтаар нэвтрэхийг завдаж байсан, визийн хугацаа хэтрүүлж байсан, хууль бусаар ажил хөдөлмөр эрхэлж байсан, нийгэмд аюул занал учруулж болзошгүй гэж үнэлэгдсэн зэрэг хүмүүсийн нэрсийг багтаасан юм байна.
Мөн гадаад паспортын хүчинтэй хугацаа нь зургаан сарын дотор дуусах зорчигчдыг Сингапур чиглэлийн онгоцонд суулгахыг хоригложээ.
“Ийм зорчигчид Сингапур чиглэлийн нислэгт бүртгүүлэх үед NBD мэдэгдэл авсан агаарын тээврийн компаниуд тэднийг онгоцонд суулгахаас татгалзах ёстой” гэж цагаачлалын албаны мэдэгдэлд тайлбарласан байна.
NBD мэдэгдлийг дагаж мөрдөөгүй агаарын тээврийн компаниудыг Сингапурын 1959 оны цагаачлалын хуулийн дагуу 10,000 сингапур долларын ($7,900) торгуулиар шийтгэх гэнэ.
Мөн NBD бүртгэлд багтсан хүмүүсийг онгоцонд суухыг зөвшөөрсөн ажилтан, нисгэгчдэд ижил төстэй шийтгэл ногдуулахаар болжээ.
Одоогоор Singapore Airlines, Air Asia, Emirates, Scoot, Turkish Airlines зэрэг компаниуд удирдамжийг дагаж мөрдөхөө Сингапурын талд мэдэгдээд байгаа гэнэ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!