Индонез улсад гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орж, согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаанаар Исламын шашны Шариатын хуулийн дагуу нэг хосыг тус бүр 140 удаа саваадаж шийтгэжээ.
Тус улсын Ачех мужид Пүрэв гарагт олон нийтийн нүдэн дээр болсон энэхүү шийтгэлийн арга хэмжээний үеэр 21 настай бүсгүй сүүлийн үеийн түүхэнд хамгийн олон удаа саваадуулсан эмэгтэй болсон байна.
Гурван эмэгтэй цагдаа түүнийг уйлж байхад нь нэг төрлийн модон саваагаар ээлжлэн цохиж байжээ. Сүүлд ухаан алдсан эмэгтэйг түргэн тусламжийн машинаар авч явсан байна.
Пүрэв гарагт дээрх хосоос гадна дөрвөн хүн Шариатын хуулийн дагуу саваадуулжээ. Тэдний нэг нь Исламын шашны дэг ёсыг сахиулах үүрэгтэй цагдаа хүн байсан байна.
Индонез бол дэлхийн хамгийн олон хүн амтай Исламын шашинт улс. Тэр дотроо Ачех нь Шариатын хуулийг дагадаг цорын ганц, хамгийн хуучинсаг бүс нутаг юм.
Энэ мужид Шариатын хуулийг зөрчвөл саваадуулах шийтгэлтэй байдаг.
Хэдийгээр Индонезын хүний эрхийн байгууллагууд үүнийг нь шүүмжилж, өөрчлөхийг уриалдаг ч Ачехын эрх баригчид үргэлжлүүлсээр байгаа.
Ачехын эрүүгийн хуулиар гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа 100 удаа, согтууруулах ундааны хэрэглээ 40 удаа саваадуулах шийтгэлтэй байдаг.
Пүрэв гарагийн шийтгэлийн арга хэмжээний үеэр Исламын дэг ёсыг сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагч нэг эмэгтэйтэй хэт ойр байсан шалтгаанаар 23 удаа саваадуулжээ.
Уг цагдаа нь тухайн эмэгтэйн гэрт хоёулхнаа байхдаа баригдсан юм байна.
Ачех мужийн цагдаагийн албаны тэргүүн Мухаммад Ризал зөрчил гаргасан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!