Вьетнамын эрх баригчид завшсан мөнгөнийх нь алдагдлыг нөхөхийн тулд бүх насаар хоригдох ял эдэлж буй бизнесийн магнат Чуон Ми Ланы хөрөнгийн нэг хэсэг болох хоёр ширхэг Hermès Birkin цүнх, нэг тансаг ангиллын завийг зарахаар болжээ.
Бизнесийн магнат эмэгтэй Вьетнамын томоохон банкнаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгтээ бүх насаар хоригдох ялаар шийтгүүлснээс гадна учруулсан $27 тэрбумын хохирлоо нөхөн төлөх ёстой болсон юм.
Хо Ши Мин хотын Иргэний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Чуон Ми Ланаас хураагдсан хоёр ширхэг Hermès Birkin цүнхний үнийг тогтоох үнэлгээний мэргэжилтэн хайж байгаагаа энэ долоо хоногт зарлажээ.
Үүнээс гадна түүний эзэмшилд байсан завийг ирэх сард 49.3 тэрбум донгийн ($1.9 сая) эхлэх үнээр дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.
Чуон Ми Лан нь улсынхаа тав дахь том банк болох Saigon Commercial Bank-ийг нууцаар хяналтдаа оруулж, 10 гаруй жилийн турш халхавч компаниудын сүлжээгээрээ дамжуулан нийт $44 тэрбумыг зээл хэлбэрээр авсныг шүүх тогтоосон юм.
2024 оны дөрөвдүгээр сард тэр энэ хэрэгтээ цаазын ял сонсож байв.
Прокурорууд уг мөнгөний $27 тэрбумыг Чуон Ми Лан хувьдаа завшсан гэж дүгнэсэн нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том санхүүгийн луйвруудын нэг болсон юм.
Тэрбээр өөрт оноосон ялыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч амжилт олоогүй. Гэхдээ Вьетнам улс зарим төрлийн гэмт хэргийг цаазын ялаас чөлөөлснөөр өнгөрсөн оны зургаадугаар сард түүний ялыг бүх насаар хорих болгон өөрчилжээ.
Чуон Ми Ланы нөхөр, төрөл төрөгсдийг оролцуулаад нийт 80 гаруй хүн шүүхээс ял сонссон юм.
Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд Вьетнамын эрх баригчид түүний компанийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө зэрэг 1,200 гаруй өмчийг хураасан байна.
Шүүх хурлын үеэр Чуон өөрийн хоёр Hermès Birkin цүнхний нэгийг Италиас худалдаж авсан, нөгөөг Малайзын бизнесмэн бэлэглэсэн гэж тайлбарлаад үр хүүхдүүд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгааг илэрхийлж байжээ.
Гэвч шүүх эдгээрийг хууль бус орлогоор худалдаж авсан гэж үзээд хураах хөрөнгийн жагсаалтад оруулсан юм байна.
Hermès брэндийн тусгайлан бүтээсэн Birkin загварын гар цүнх хэдэн зуун мянган долларын үнэ хүрдэг.
Аравдугаар сард Хо Ши Мин хотын зүрхэнд оршдог Чуон Ми Ланы нэг өмч дуудлага худалдаагаар 600 тэрбум гаруй донгийн үнэ хүрч, амжилттай зарагдсан анхны хөрөнгө болсон байна.
Энэ сарын эхээр эрх баригчид түүний “Reverie Saigon” тансаг ангиллын завийг 52.4 тэрбум донгоор зарахыг оролдсон боловч хэн ч аваагүй юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг завины үнийг хямдруулж, хоёрдугаар сарын 12-ны өдөр дахин дуудлага худалдаанд оруулахаар болсон гэнэ.
Чуон Ми Ланы өөр хоёр завийг тус бүрийг нь 4.8 тэрбум вонгийн эхлэх үнээр дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!