Уншиж байна ...

НҮБ “санхүүгийн сүйрэлд ойрхон” байгааг ерөнхий нарийн бичгийн дарга нь анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гишүүн орнууд нь хураамжаа төлөхгүй байгаагийн улмаас НҮБ (Нэгдсэн Үндэстний Байгууллага) “санхүүгийн хувьд сүйрэхэд ойрхон” болсныг тус байгууллагын тэргүүн өчигдөр анхааруулжээ.

Тухайлбал ирэх долдугаар сар гэхэд НҮБ-ын мөнгө дуусаж, төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх боломжгүй болохоор байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн байна.

Тэрбээр бүх 193 гишүүн оронд бичсэн захидалдаа хураамжийг “заавал төлөх ёстой үүргээ биелүүлэх”, эсвэл дампуурлаас зайлсхийхийн тулд байгууллагын санхүүгийн дүрмийг шинэчлэх шаардлагатайг бичжээ.

НҮБ-ын хамгийн том дэмжигч АНУ тогтмол хураамж төлөх болон энхийг сахиулах ажиллагааны төсөвт хувь нэмэр оруулахаа зогсоож, “татвар төлөгчийн мөнгийг үрэлгэн зарцуулсан” үндэслэлээр олон арван агентлагаас гарсны дараа ийм асуудал үүсэж байна.

Өөр хэд хэдэн гишүүн орон өр үүсгэж, зарим нь төлөхөөс шууд татгалзаж байгаа гэнэ.

НҮБ санхүүгийн хүндрэлд орсон нь сүүлийн үед ил тод харагдах болсон.

Женев дэх төв байрны хаа сайгүй зардал хэмнэх талаар анхааруулсан тэмдгүүд байрлуулж, урсдаг шат, халаалт зэргийг унтраадаг болжээ.

Гутерреш захидалдаа НҮБ өмнө нь санхүүгийн хямралтай тулгарч байсан ч өнөөдрийн нөхцөл байдал “өмнөхөөсөө өөр” болохыг бичсэн байна.

Хэдийгээр гишүүн орны нэр дурдаагүй ч зарим улс НҮБ-ын төсөвт хувь нэмэр оруулахаа зогсоож буйг албан ёсоор мэдэгдсэн тухай тэр мэдээлсэн байна.

2025 оны төлбөрийн гүйцэтгэл 77 хувьд хүрч, төлөгдөөгүй дүн түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Гутерреш захидалдаа дурджээ.

“Асуудал тодорхой. Нэг бол бүх гишүүн орнууд цаг тухайд нь хураамжаа бүрэн төлөх үүргээ биелүүлэх, эсвэл санхүүгийн уналтаас урьдчилан сэргийлэхийн тулд дүрэм журмаа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болж байна” гэж тэр бичсэн байна.

АНУ-ын хувьд 2025 оны хураамжаа огт төлөөгүй бөгөөд энхийг сахиулах ажиллагааны зардалд оруулдаг хувь нэмрийнхээ ердөө 30 хувийг санал болгожээ.

Ерөнхийлөгч Трамп энэ сард АНУ-ыг олон улсын хэдэн арван байгууллагаас гаргасны 31 нь НҮБ-ын харьяа агентлагууд байв.

Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрт $2 тэрбумыг хандивлахаар болсныг мэдэгдэхдээ үүнд “дасан зохицож чадахгүй бол дууссан нь дээр” гэсэн утгатай анхааруулгыг давхар өгсөн юм.

Энэ нь 2022 онд уг хөтөлбөрт АНУ-ын төлсөн $17 тэрбумтай харьцуулахад өчүүхэн бага мөнгө болж байна.

Их Британи, Герман зэрэг өөр бусад улсууд бас гадаад тусламжийн хэмжээгээ нэлээд багасгаж байгааг зарласан нь НҮБ-ын санхүүд нөлөөлсөн.

Трамп саяхан олон улсын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилготой “Энх Тайвны Зөвлөл” гэгчийг байгуулсан нь НҮБ-ын зарим үүргийг булаах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Трамп хэдийгээр уг зөвлөл “НҮБ-тай хамтран ажиллах” тухай мэдэгдэж байсан ч хэвлэлд ярихдаа НҮБ-ын үүргийг булааж магадгүйг хүлээн зөвшөөрч байлаа.

Өнгөрсөн долоо хоногт АНУ албан ёсоор ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-аас гарсан.

АНУ сүүлийн хоёр жилийн төлбөрөө төлөөгүйг ДЭМБ-ын хуульч баталсан байна.

Үүний улмаас НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага дэлхийд эхийн эндэгдэл хамгийн өндөр орнуудын нэг болох Афганистанд ажиллуулдаг нярайн эмнэлгүүдээ хаахаас өөр аргагүй болсон.

Үүнтэй зэрэгцэн Судан дахь иргэний дайнаас дүрвэгсдэд өгөх хүнсний хэмжээгээ бууруулахаар болсныг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC