Уншиж байна ...

Тесла компанийн жилийн орлогын хэмжээ түүхэндээ анх удаа буурлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн он цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн түүхэнд анх удаа орлогын хэмжээ нь буурсан жил болжээ.

Өчигдөр тус компани 2025 оныхоо санхүүгийн үр дүнг танилцуулахад жилийн орлого $94.8 тэрбумд хүрч, өмнөх оноосоо 3 хувиар буурсан нь харагдсан байна.

Гэхдээ өнгөрсөн оны сүүлчийн улирлын орлого, цэвэр ашиг нь тус бүр $24.9 тэрбум, $5 тэрбумд хүрч, шинжээчдийн таамгаас давжээ.

2025 онд Теслагийн автомашин үйлдвэрлэл 7 хувиар, борлуулалтын тоо хэмжээ 9 хувиар буурсан нь BYD тэргүүтэй Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэний илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Бас тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаа, ялангуяа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай үүсгэсэн түншлэл борлуулалтад сөргөөр нөлөөлжээ.

Энэ нөлөө Европын зах зээлд илүү тод ажиглагдсан байна.

Өчигдөр тайлангийн хурлын үеэр Маск ирэх улирлаас эхлэн Тесла өөрийн Model S, Model X загваруудын үйлдвэрлэлийг зогсоож, Калифорни дахь үйлдвэртээ Optimus хүн дүрст робот үйлдвэрлэж эхлэхээр болсныг зарлажээ.

Дараагийн улиралд Optimus 3 роботыг танилцуулахаа амласан тэрбээр Калифорнийн үйлдвэр нь эцэстээ жилд нэг сая робот үйлдвэрлэдэг болох зорилго тавьсныг мэдээлсэн байна.

Ингэхийн тулд Маск хүн дүрст роботуудын гол эд анги болох хиймэл оюуны хагас дамжуулагч чипийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагатай байгааг онцолжээ.

Ирэх гурваас дөрвөн жилийн хугацаанд робот үйлдвэрлэлийг хязгаарлах гол хүчин зүйл чип тул өөрийн “Terafab” нэртэй хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах талаар бодож байгаагаа тэр бас илэрхийлсэн байна.

Геополитикийн эрсдэлийг бодолцвол ийм үйлдвэрийг АНУ-д байгуулах нь чухал болохыг Маск онцолсон юм.

“Ямар нэг шалтгаанаар чипийн нийлүүлэлт зогсож магадгүй тул бид АНУ-д үйлдвэрлэлийн хүчин чадлаа төвлөрүүлэх шаардлагатай” гэж тэр хэлжээ.

Түүний энэ санаа саяхан Nexperia хагас дамжуулагч үйлдвэрлэгчийн эзэмшилтэй холбоотой маргаан Нидерланд, Хятад улсуудын хооронд гарсны улмаас Европын автомашин үйлдвэрлэгчид чипээр тасалдсан явдлаас үүдэлтэй бололтой.

 

Эх сурвалж: Reuters