Уншиж байна ...

Старбакс компани боссынхоо гэр, ажлын хооронд зорчих унааны зардлын дээд хязгаар $250,000-ыг цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Кофены сүлжээний бизнес эрхлэгч Старбакс компанийн гүйцэтгэх захирлын унааны жилийн зардлын дээд хэмжээ $250,000 байсныг аюулгүй байдлын үндэслэлээр цуцалжээ.

Гүйцэтгэх захирал Брайан Никколын гэр Калифорни мужийн Ньюпорт Бичэд байдаг бол компанийнх нь төв байр Вашингтон мужийн Сиэтл хотод байрладаг.

Өөрөөр хэлбэл тэр гэрээсээ ажилдаа ирж, очихын тулд талдаа 1,600 орчим километр зам туулдаг тул компанийн хувийн нисэх онгоцыг хөлөглөдөг юм байна.

Өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл түүний жилийн унааны зардал $250,000-ын дээд хязгаартай, хэтэрвэл хувиасаа төлдөг байжээ.

Гэвч Старбакс компани хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орох нь нэмэгдэж, гүйцэтгэх захирлын аюулгүй байдал чухал асуудал болсон тул уг дээд хязгаарыг цуцлахаар болсон байна.

Гэхдээ уг төсвийн зарцуулалтыг гурван сар тутам хянаж, шаардлагатай тохиолдолд дахин шинэчлэхээр болжээ.

Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын United Healthcare компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсон гудамжинд буудуулж алагдсаны дараа АНУ-ын компаниуд удирдлагынхаа аюулгүй байдалд илүү их анхаарах болсон юм.

Старбакс дээрх шийдвэрийг гаргахдаа аюулгүй байдлын хараат бус мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагасан юм байна.

Брайан Никкол 2024 оны зун Старбакс компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ.

Тухайн үед Никкол бараг мянган миллийн зайтай ажил, гэрийнхээ хооронд зорчихдоо компанийн нисэх онгоцыг ашиглахаар болсон нь нэлээд маргаан дагуулж байв.

Зарим хүмүүс үүнийг Старбаксын байгаль орчинд ээлтэй байх зарчим удирдлагынх нь амьдралын хэв маягтай зөрчилдөж байгааг шүүмжилж байлаа.

Гэхдээ асуудлын гол нь Старбакс компани шинэ гүйцэтгэх захиралдаа амласан ажлын байрны нөхцөлд “орон гэрээ компанийн төв байр байгаа газарт нүүлгэх шаардлагагүй”, “хэрвээ ажил үүргээ гүйцэтгэхэд тань саадгүй гэж үзвэл гэр, компанийн төв байр хоёрын хооронд зорчиж болно” гэж тусгаснаас болж байгаа гэнэ.

Бас хөдөлмөрийн гэрээнд нь компанийн нисэх онгоцыг “бизнестэй холбоотой болон ажил, гэрийн хооронд зорчих аялалд ашиглах эрхтэй” гэж заажээ.

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд Никколд нисэх онгоц ашиглуулахаас гадна онгоцноос буугаад компанийн байр хүрэхэд нь тусгай автомашин, жолоочоор үйлчлэх шаардлагатайг зөвлөсөн гэнэ.

Никколын 2024 онд авсан цалин урамшууллын хэмжээ $95 сая орчим байжээ.

 

Эх сурвалж: BBC