АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын отгон хүү Баррон өнгөрсөн оны эхээр санамсаргүй тохиолдлоор гэмт хэргийн гэрч болж, бусдад зодуулж байсан эмэгтэйд тусламж дуудсан нь саяхан ил болжээ.
Өчигдөр Лондон хотын шүүх Оросын иргэн 22 настай Матвей Румянцевийг 2025 оны нэгдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бусдын бие махбодод гэмтэл учруулсан, шүүхийн шийдвэрийг гажуудуулахыг оролдсон хэрэгт буруутгасан байна.
Румянцев хоригдож байхдаа шоронгоос хохирогч эмэгтэйд захидал бичиж, гомдлоо буцааж авахыг хүссэн нь шүүхийн шийдвэрийг гажуудуулах оролдлого болжээ.
Энэ хэргийг илчилсэн гол гэрч АНУ-ын ерөнхийлөгчийн отгон хүү болохыг шүүхийн бичиг баримтад дурдсан байв.
Одоо 19 настай Баррон өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18-нд Их Британийн цагдаагийн байгууллага руу залгахдаа “Би АНУ-аас холбогдож байна. Саяхан би нэг охинтой ярьж байгаад түүний зодуулахыг харлаа” гэж хэлжээ.
Тэрбээр цааш нь “Энэ явдал найман минутын өмнө болсон. Би хаашаа хандахаа сая л мэдээд залгаж байна. Энэ үнэхээр яаралтай” гэж хэлсэн нь шүүхийн баримтад тэмдэглэгдэж үлдсэн байна.
Баррон Трамп тухайн эмэгтэйтэй сошиал сүлжээгээр танилцаад видео дуудлагаар холбогдож байжээ.
Удалгүй эмэгтэйн утсыг “бараан өнгийн үстэй, цээж нүцгэн” эрэгтэй шүүрч авсан бөгөөд энэ үеэр эмэгтэй цохиулж, уйлж байгааг Баррон дэлгэцээс харсан юм байна.
Хуулийн учир шалтгаанаар нэрийг нь нууцалж байгаа хохирогч эмэгтэй Баррон туслаагүй бол Румянцев өөрийг нь алах байсныг мэдүүлсэн тухай Британийн хэвлэлүүд мэдээлжээ.
Шүүх хурлын үеэр Румянцев хэрэг гарсан шөнө эмэгтэйтэй маргалдахдаа Барроны видео дуудлагад хариулснаа хүлээсэн байна.
Энэ үеэр тэр бас хохирогч эмэгтэйн Трампын хүүтэй үүсгэсэн харилцаанд тодорхой хэмжээгээр “атаархах сэтгэл” гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлснийг хүлээжээ.
“Би түүнд Баррон Трамптай ярьсанд нь сэтгэл дундуур байгаагаа хэлсэн” гэж Румянцев шүүх хурлын үеэр мэдүүлсэн байна.
Харин эмэгтэйг зодож байгаагаа зориуд харуулахын тулд Барроны дуудлагыг таслалгүй үргэлжлүүлсэн гэх прокурорын дүгнэлтийг тэр няцаажээ.
Румянцевт шийтгэл оноох шийдвэрийг шүүх гуравдугаар сарын 27-нд зарлахаар товлосон байна.
Баррон бол ерөнхийлөгч Дональд Трампын гурав дахь гэргий Меланиагаас төрсөн ганц хүүхэд юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!