Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөг (NBA)-ийн алдарт тамирчин асан Деннис Родманы хөлбөмбөгчин охин Тринити Родман "Washington Spirit" багтайгаа гурван жилийн гэрээг үзэглэлээ.
Ингэснээр 23 настай Тринити 2028 он хүртэл жилд хоёр сая ам.долларын цалин авах болжээ.
Түүний агент Майк Сенковскигийн мэдээлснээр Тринити цалингаас гадна нэмэлт урамшуулал авах боломжтой гэнэ.
Эмэгтэй хөлбөмбөгийн лигийн цалингийн хязгаар 3.5 сая ам.доллар байдаг. Гэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас "Нөлөө бүхий тоглогч" дүрмийг баталснаар багууд цалингийн цэсээ ойролцоогоор $1 саяар нэмэх боломж бүрдсэн юм.
Багийн эзэн Мишель Кан "Тэр бол үе дамжсан тамирчин боловч хамгийн чухал нь энэ клубийн болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ирээдүйг төлөөлж байна" гэж онцолжээ.
Т.Родман 2021 онд "Spirit" багаа лигт түрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэр жилээ шилдэг шинэ тоглогчоор тодорч байв.
Мөн АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт 2022 оноос хойш 47 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулжээ.
2024 онд шигшээ багаа Парисын олимпод түрүүлэхэд тэр гурван гоол оруулсан байна.
Тринитигийн аав Деннис Родман NBA-д таван удаа аваргын цом хүртсэн тоглогч юм. Сахилгагүй дүр төрх, этгээд хувцаслалт, адайр аашаараа 1990-ээд оны сагсан бөмбөгийг чимж явсан Д.Родман албан ёсоор гурван хүүхэдтэй бөгөөд Тринити түүний бага охин юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!