Уншиж байна ...

ThunderZ-н тоглолт дээр Монгол агуулгатай клипүүдийнх нь тайзны хувилбарыг харах болно. Уран бүтээлүүд цацагдаж дуусаагүй байгаа гэв

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Реппер ThunderZ шинэ клип болон тоглолтынхоо талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр өөрийн "Тэнгри" төслийнхөө хүрээнд Монгол үндэсний онцлог соёлыг үзэсгэлэнт байгальтай нь хамт харуулсан дөрвөн уран бүтээлийг гаргаад байгаа бөгөөд энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд төслийнхөө тайлан тоглолтыг хийх юм байна. 

Уг төслийнхөө хүрээнд сар бүрийн 23-нд олон нийтийг хамарсан сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Уран бүтээлч Б.Өлзий-Учрал буюу ThunderZ "Уран бүтээлдээ Монгол үндэстэн ястнуудын ондоошлыг харуулах гэж хичээж ардын хөгжмийн зэвсэг эсвэл Монгол аялгуу зэргийг шингээн ажиллаж байна. Түүнчлэн дууныхаа дүрсийг түүхээ уншиж судлан, судлаачидтай уулзаж судалгаатай хийж байгаа. Дууны хөгжим, утга зэргийг бүгдийг нь нэг уялдаа холбоотой байлгах гэж хичээж байгаа. Тоглолтдоо зориулж бүх клипүүдээ хийж байна.

Тайзан дээр номхон зогсоод дуулаад буудаг тоглолт биш юм. Үзүүлбэр гэх зүйлийг утгаар нь үзүүлэх болно" гэв. 

Уг тоглолт нь зүгээр нэг хип хоп тоглолт биш Монгол агуулгыг шингээсэн тоглолт байх болно. Цацагдаж буй клипүүдийн тайзны хувилбар ямар байхыг ирж сонирхоцгоогоорой гэв. Тоглолтоор Монгол үндэстэн ястнуудын ондоошлыг гаднынхан болон дотоодынхондоо илүү сонирхолтой байдлаар харуулахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн Монгол агуулгатай уран бүтээлүүд цацагдаж дуусаагүй гэдгийг төслийн багийнхан онцлов. 

Тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлсэн байгаа юм байна.