Уншиж байна ...

Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийв

Э.Тэмүүлэн, iKon.mn
41 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов.

Нээлтийн ёслолд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучууд (ССАЖЗ)-ын дэд сайд Г.Дашням, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцлоо.

Монголын үндэсний спортын VIII наадмыг нээж, дэд сайд Г.Дашням “Энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж юм.

Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд болно.

Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ.

Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.

Үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо