Уншиж байна ...

Давост үг хэлэхдээ Трамп яагаад хэд хэдэн удаа Гринланд арлыг “Исланд” гэж нэрлэснийг Цагаан ордон тайлбарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Швейцарын Давос хотод үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүсэл мөрөөдөл болсон Гринланд арлыг хэд хэдэн удаа “Исланд” гэж нэрлэсэн юм.

79 настай Трамп уг арлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд маш их чухал ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Дани улсаас салгаж авахыг хүсэж байгаа.

Өчигдөр хэлсэн үгэндээ тэр Гринланд арлын асуудлаар байр сууриа зөөлрүүлж, АНУ-д нэгтгэхдээ хүч хэрэглэхгүй, эсэргүүцэж байгаа Европын орнуудын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаа больсныг мэдэгдсэн юм.

“Би НАТО-д тусалж байгаа бөгөөд сүүлийн хэдэн өдрийг хүртэл намайг Исландын тухай ярихад тэд дуртай байсан. Гэхдээ тэд манай төлөө Исландад байгаа юм биш. Би үүнийг баттай хэлж чадна. Өчигдөр манай хөрөнгийн зах зээл Исландын улмаас хүчтэй уналаа. Тиймээс Исланд бидэнд асар их зардал учруулаад эхэлсэн” гэж Трамп ярьжээ.

Ингэхдээ тэр Гринландын тухай ярьж байгаа нь илт байсан юм.

Исланд нь Атлантын далайд Гринландтай зэрэгцэн оршдог харьцангуй жижиг арал.

Трампын илтгэлийн дараа сэтгүүлч Либби Дин сошиал хуудсандаа “Ерөнхийлөгч Трамп сая Гринландыг Исландтай гурван удаа хольж хутгалаа” гэж бичжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт тэр дор нь түүнд хариулахдаа “Үгүй ээ, тэгээгүй Либби. Тэр бичгээр хийсэн мэдэгдэлдээ Гринландыг ‘хэсэг мөс’ гэж байгаа байдлаар нь нэрлэж байсантай энэ холбоотой. Хольж хутгаж байгаа ганц хүн нь энд чи л байна” гэж бичсэн байна.

Трамп үг хэлэхдээ бэлдсэн бичвэрээсээ ихэнхдээ хадуурдаг нь Давост бас давтагдсан юм.

Өндөр настай холбоотой Трампын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал сүүлийн үед улам хурц яригдаж байгаа.

2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэр өрсөлдөгч Жо Байденыг үргэлж энэ талаар нь шүүмжилдэг байсан бол одоо өөрт нь ийм асуудал тулгарч байна.

Сүүлийн өдрүүдэд Ардчилсан Намын зарим хууль тогтоогчид албан тушаалаа гүйцэтгэх бие бялдар, оюун ухааны чадваргүй болсон ерөнхийлөгчийг огцруулах боломж олгодог АНУ-ын үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг уриалах болсон.

Ингэхдээ тэд Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёред бичсэн Трампын зурвасын агуулгыг нэг жишээ болгож байгаа.

Даваа гарагт нийтэд ил болсон уг зурваст Гринланд арлыг хүсэж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Трамп өөрт нь Нобелийн энх тайвны шагнал олгоогүйн төлөө уг асуудалд энх тайванч зарчмаар хандахаа больсныг бичсэн байв.

Стёре түүнд Нобелийн шагнал хэн авахыг Норвегийн засгийн газар шийддэггүй, бие даасан хороо шийддэгийг тайлбарласан ч үүнийг нь үл тоомсорлож байжээ.

 

Эх сурвалж: AFP