Жүдогийн насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) маргааш Хэнтий аймгийн Чингис хотод нээлтээ хийнэ.
Энэ сарын 23-наас 26-ныг дуустал үргэлжлэх УАШТ-д 33 клубийн 212 эрэгтэй, 104 эмэгтэй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хамгийн олон буюу 41 тамирчин оролцохоор болсон байна.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар зодоглохоор бүртгүүлжээ.
Ирэх гуравдугаар сард 30 нас хүрэх Ц.Цогтбаатар хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сард Казахстаны Их Дуулгаас хойш албан ёсны тэмцээнд оролцоогүй юм.
Түүний жинд 36 тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилддаг гавьяат тамирчин Ё.Басхүү энэ удаагийн улсын аваргад жин өгсөж барилдах аж.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хамгийн олон буюу 19 тамирчин хүч үзнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!