Уншиж байна ...

"Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь" бодлогын хэлэлцүүлэг боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” бодлогын хэлэлцүүлэг Blue Sky-д боллоо.

Уг хэлэлцүүлгийг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төсөл, Эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурал (УИХ)-ын Ажлын хэсэг хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь нүүрсэнд суурилсан, төвлөрсөн бүтэц давамгайлсан хэв шинжтэй бөгөөд эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөж буйтай холбоотойгоор аюулгүй, найдвартай байдал, хүртээмжийн томоохон сорилтуудтай тулгараад байна. Ийм нөхцөлд цаашид сэргээгдэх эрчим хүч болон тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа билээ. УИХ болон Засгийн Газрын зүгээс энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийхээр бодлого, чиглэлээ тодорхойлохоор ажиллаж буй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэг нь Цахилгааны тухай хууль, Дулааны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үйл явц, мөн “Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн Газарт үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоол зэрэг бодлогын баримт бичиг, шинэчлэлтэй шууд уялдана. Эдгээр бодлогын шинэчлэл нь олон талын оролцоо, ил тод, хариуцлагатай шийдвэрийг шаардаж буй бөгөөд ингэснээр нийгэм, олон нийтэд ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэгжих боломжтой байх магадлал нь улам нэмэгдэх юм.

Уулзалт хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний бодлогын шинэчлэлд ямар оролцоотой байх, яаж оролцох, оролцоогоо хангаснаар бодлого, шийдвэрийн үр дүнтэй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн юм.

Уг хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тэргүүтэй Ажлын хэсгийн зөвлөхүүд болон мэргэжилтнүүд, Эрчим хүчний яамны дэд сайд С.Далхаасүрэн, тус яамны холбогдох мэргэжилтнүүд, Эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох агентлаг, төрийн өмчит компаниудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан хоёр төслийг танилцуулж, тэтгэлгийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл Төрийн Бус Байгууллага болон Энержи Инсайт сэтгүүлийн хамтарсан баг, мөн Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид Төрийн Бус Байгууллага тэтгэлэг гардав.

Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслүүдийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн Газрын дэмжлэгээр НҮБ-ын Хүний Хөгжлийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна. Уг тэтгэлэгт хамрагдсан хоёр төсөл нь эрчим хүчний бодлогын шинэчлэлийн хүрээнд олон талын оролцоог хангаж, бодлогын шийдвэрийг ил тод, хэрэгжилтэд ойр, мэдлэгт суурилсан байдлаар боловсруулахад хувь нэмэр оруулах үндсэн зорилготой юм.