Уншиж байна ...

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн этгээд шүүхээс бүх насаар хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Япон улсын Нара хотын шүүх тус улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноожээ.

Энэ нь дэлхий нийтийг цочроосон аллагаас хойш гурван жил гаруй хугацааны дараа гарч буй шийдвэр болж байна.

Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн туршлага бага Япон улсад энэ аллага томоохон дохио болсон бөгөөд Эв Нэгдлийн Сүм шашны байгууллага болон улс төрчдийн хэлхээ холбоог илчлэхэд түлхэц болсон юм.

45 настай Тэцүя Ямагами 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр Японы түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайд асны амийг сонгуулийн арга хэмжээний үеэр гар аргаар бүтээсэн буугаар хөнөөж байлаа.

Түүнд шүүх хүн амины болон галт зэвсгийн хяналтын тухай хууль зөрчсөн хэргээр ял оноосон байна.

Ямагамигийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард эхэлж байсан юм. Хурал эхэлмэгц тэр хүний амь хөнөөснөө хүлээсэн боловч Японы хууль эрх зүйн тогтолцооны дагуу шүүх хурал цааш үргэлжилж байжээ.

Японы “дайнаас хойших түүхэнд гарч байгаагүй хэрэг”, нийгэмд “ноцтой хохирол” учруулсан зэрэг үндэслэлээр прокурорууд Ямагамид бүх насаар хорих ял оноохыг хүссэн байна.

Тус улсын шүүхийн тогтолцоонд бүх насаар хорих ялтай хоригдол өршөөгдөх боломжтой байдаг ч бодит байдал дээр ихэнх нь шоронд байхдаа нас бардгийг судлаач мэдээлжээ.

Шүүх хурлын эхэнд Ямагамигийн өмгөөлөгчид түүний үйлдсэн аллага Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын нөлөөг сулруулах хүсэлтэй нь холбоотой байсан гэж тайлбарлаж байв.

Ямагамигийн ээж бүх мөнгөө сүмд хандивласнаас гэр бүл нь санхүүгийн хувьд дампуурсан, энэ шалтгаанаар дээрх шашны байгууллагатай холбоотой улс төрчдийг үзэн ядах болсон зэргийг энэ үеэр дурджээ.

Абэ агсан тухайн байгууллагын зохион байгуулсан зарим арга хэмжээнд оролцож, үг хэлж байсан юм.

Тиймээс “Абэ шиг нэр нөлөө бүхий хүнийг хөнөөвөл олон нийтийн анхаарлыг Эв Нэгдлийн Сүмийн хор хөнөөлд татаж чадна” гэж Ямагами бодож байсныг өмгөөлөгч нь тайлбарлажээ.

Эв Нэгдлийн Сүм 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан бөгөөд гишүүдийг нь үүсгэн байгуулагч Сүн Мён Мүүний нэрээр “мүүнийхэн” гэж нэрлэдэг.

Өмгөөлөгчдийн баг “шашны дарамт хүчирхийлэл” ийм зүйл хийхэд хүргэсэн үндэслэлээр Ямагамигийн ялыг хөнгөлөхийг шүүгчээс хүсэж байжээ.

Нөхөр нь амиа хорлож, нэг хүү нь хүндээр өвчилсний улмаас Ямагамигийн ээж гэр бүлээ аврахын тулд бүх мөнгөө сүмд хандивлаж эхэлсэн нь нийтдээ 100 сая иен (тухайн үеийн ханшаар $1 сая) хүрч байсан гэнэ.

Санхүүгийн хүндрэлийн улмаас Ямагами их сургуульд элсэх мөрөөдлөө хаяж, амиа хорлохыг оролдож байжээ. Түүний энэ оролдлогын дараа ах нь амиа хорлосон байна.

Абэ агсны аллагын дараа Японы хуулийн байгууллагууд Эв Нэгдлийн Сүм болон эрх баригч Либерал Ардчилсан Намын улс төрчдийн хэлхээ холбоог шалгаж эхэлсэн юм. Үүний улмаас тус намаас томилогдсон дөрвөн сайд огцорч байжээ.

Ямагами 2020 оноос өөрийн гараар галт зэвсэг бүтээхийг оролдож, алслагдсан ууланд олон удаа туршиж байсан байна.

Японд галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл маш ховор гардаг тул тухайн үед хамгаалагчид нь буун дуу хаанаас гарсныг тогтоож чадаагүй цаг алдсанаас Абэ агсныг аварч чадаагүй гэсэн цагдаагийн дүгнэлт гарч байв.

 

Эх сурвалж: AFP