Талбайн теннисийн дөрвөн Их Дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 18-нд буюу өнгөрсөн Ням гарагт эхэлсэн билээ.
Энэ тэмцээний нэгдүгээр шатанд Японы теннисчин Наоми Осака Хорватын Антонио Рузичтай учраа таарсан юм. Их Дуулгын цомыг дөрвөн удаа хүртсэн 28 настай Н.Осакагийн тоглолтын өмнөх хувцасны сонголт олныг гайхшируулав.
Их Дуулгад 2018 онд анх түрүүлж байсан япон бүсгүй богино хугацаанд буюу гурван жилийн дотор Австрали, АНУ-ын нээлттэй тэмцээнд тус бүр хоёр удаа тэргүүлсэн. Улмаар талбайн теннисийн ертөнцөд энэ давамгайллаа удаан хадгалах тамирчин гэгдэж байсан ч сэтгэлзүйн асуудлаас шалтгаалан сүүлийн таван жилд нэг ч цом хүртээгүй байна.
Тиймээс энэ удаагийн тэмцээнд өөртөө сэтгэлзүйн дэм өгөх үүднээс загварын хувцастай ирснээ тамирчин бүсгүй тайлбарлажээ.
Япон бүсгүй хувцасныхаа загварыг охиныхоо үлгэрийн номоос санаа авснаа тодотгосон байна.
Тэрбээр "Тэмцээнд ялагдаж болох ч толгой гудайх хэрэггүй гэж өөртөө хэлсэн. Сэтгэл санаагаа өргөх үүднээс хувцаслалтдаа анхааръя гэж эртнээс шийдсэн юм. Ивээн тэтгэгч байгууллагадаа урьдчилж мэдэгдсэн тул асуудал үүсэхгүй" гэж Н.Осака сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Н.Осака Их Дуулгын эхний даваанд учраа таарсан өрсөлдөгчөө гурван сэтэд 2:1-ээр буулган авсан юм. Дараагийн тойрогт Румыний Сорена Кирститэй учраа таарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!