Японы Sony корпорац гэр ахуйн энтертайнмэнт бизнесийн салбараа Хятадын зурагт үйлдвэрлэгч TCL компанитай хамтран байгуулах шинэ компанид шилжүүлэх болсноо өчигдөр зарлажээ.
TCL уг шинэ компанийн 51 хувийг, Sony 49 хувийг эзэмших юм байна. Шинэ компани нь бүтээгдэхүүндээ Sony нэр болон Bravia TV брэндийг үргэлжлүүлэн ашиглахаар болжээ.
Sony корпорацын зурагтын дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсаар байгаа. 2025 оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд борлуулалт нь өмнөх жилээсээ 9.6 хувиар буурч, 564.1 тэрбум иенд ($3.6 тэрбум) хүрсэн юм.
Хамтарсан компани нь бүтээгдэхүүн боловсруулах, загвар гаргахаас эхлээд үйлдвэрлэл, борлуулалт хүртэл бүх үйл явцыг хариуцах юм байна.
Хоёр компани энэ оны гуравдугаар сард багтаан гэрээгээ байгуулж, 2027 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Sony корпорац 1960 онд дэлхийн анхны CRT (Cathode Ray Tube) зөөврийн зурагтыг зах зээлд гаргаснаар энэ бизнест хөл тавьж байв.
Сүүлд “Trinitron” нэртэй CRT технологи нь 1968 онд зах зээлд нэвтэрснээр зурагт болон компьютерын дэлгэцийн дэлхийн зах зээлийг байлдан дагуулсан юм.
Sony бас 2007 онд дэлхийн анхны OLED технологийн зурагтыг гаргаж байлаа.
TCL нь хямд үнийн стратегиар зах зээлийг хурдтай эзэлж, одоо дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болоод байгаа.
Тус компанийн тайланд дурдсанаар 2024 онд 29 сая зурагт борлуулж, дэлхийн зах зээлийн 14 орчим хувийг эзэлж байжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!