Уншиж байна ...

Гринланд арлыг ямар аргаар АНУ-д нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаа Трамп хэлэхээс татгалзав

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт сэтгүүлчид Гринланд арлыг АНУ-д нэгтгэх зорилгоо ямар аргаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг нь асуухад ерөнхийлөгч Дональд Трамп хариулахаас татгалзжээ.

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр энэ асуултад “Та нар өөрсдөө олж мэдэх болно” гэсэн товч хариулаад дараагийн асуулт руу шилжсэн байна.

Трамп энэ үеэр бас өөрийгөө НАТО-д хэнээс ч илүү их зүйл хийж бүтээсэн хүн тул Дани улсын харьяанд байдаг газар нутгийг эсэргүүцэлгүй өгөх ёстой гэсэн санаагаа дахин давтсан юм.

“Би түүнийг илүү сайн, илүү хүчирхэг болгосон. Одоо маш сайн болсон байгаа. НАТО маш хүчтэй болсон. Намайг энд анх ирэхэд бидний сул тал НАТО байсан. Хүссэн хүсээгүй үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ бид байгаагүй бол НАТО тийм хүчтэй биш” гэж тэр хэлжээ.

Дани улсын харьяа нутаг дэвсгэрээр НАТО-г задлах нь хэр үнэ цэнтэй болохыг асуухад Трамп “НАТО болон бидний аль аль нь маш их сэтгэл хангалуун байх ямар нэг зүйлээр тохиролцож болно гэж би бодож байна. Бидэнд энэ газар аюулгүй байдлын үүднээс хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, тэр ч байтугай дэлхий нийтийн аюулгүй байдлын үүднээс хэрэгтэй” гэж хариулсан байна.

Тэрбээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцохоор Швейцарын Давосыг зорихоосоо хэдхэн цагийн өмнө ингэж ярьжээ.

Бараг хоёр цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний нэг жилд 365 амжилт гаргаснаа гайхуулж, бас 2020, 2024 оны сонгуулиудын талаар гомдлоо хуваалцсан байна.

Тэрбээр бас өөрийгөө Нобелийн энх тайвны шагнал хүртэх эрхтэй хүн гээд ингэж чадаагүйдээ Норвегийн засгийн газрыг буруутгажээ.

“Норвеги улс шагналыг мэддэггүй гэж битгий хэлээрэй. Энэ шагнал Норвегид байдаг. Норвеги улс хэнд өгөхийг мэддэг. Тэд бид үүнд ямар ч хамаагүй гэж хэлдэг. Энэ бол худлаа. Тэд ингэж нэр хүндээ алдсан” гэж Трамп хэлсэн байна.

Тэрбээр цааш нь “Би найман дайныг зохицуулсан. Өөр ямар ч ерөнхийлөгч ганц ч дайн зохицуулж байгаагүй. Бодоод үз дээ. Би наймыг хийсэн. Надад энэ бүхэн амархан байдаг болохоор тэр. Би үүнийг Нобелийн шагналын төлөө хийгээгүй. Би одоо сүүлчийнхийг нь хийхийг хичээж байна. Орос-Украины дайныг зохицуулахыг хичээж байна. Орос бэлэн байхад Украин бэлэн биш байна. Украин бэлэн байхад Орос бэлэн биш байна. Гэхдээ Норвеги улс хэлж байгаа шигээ биш, шагналыг хэнд өгөхийг шийддэг гэж би боддог” гэжээ.

Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёрте саяхан Нобелийн шагналыг бие даасан хороо шийддэг, засгийн газар нь хамааралгүйг түүнд тайлбарлаж байсан юм.

Гэтэл Трамп түүнд Нобелийн шагналыг өгөөгүйнх нь төлөө Гринландыг хүч хэрэглэн АНУ-д нэгтгэхээс буцахгүйгээ мэдэгдэж байв.

Бямба гарагт Трамп өөрийнх нь Гринландыг авах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа Европын найман улсыг импортын татвараар шийтгэхээр сүрдүүлсэн.

АНУ-ын дээд шүүх одоо Трампын гадаад бодлогодоо худалдааны ийм аргыг хөшүүрэг болгон ашиглаж буй үйлдэл нь хуульд нийцэх эсэхийг шалгаж байгаа.

Хэрвээ шүүх түүний эсрэг шийдвэр гаргавал яахыг сэтгүүлчид асуухад тэр “өөр зүйл” хийх хэрэгтэй болно гэж хариулаад “Гэхдээ бидний хийж байгаа зүйл бол хамгийн шилдэг, хамгийн хүчтэй, хамгийн хурдан, хамгийн хялбар, хамгийн төвөг чирэгдэлгүй арга” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters