Уншиж байна ...

Шигшээ баг нь тивдээ түрүүлсэн тул Даваа гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар Ням гарагт өндөрлөсөн Африкийн Цомд Сенегалын хөлбөмбөгчид талбайн эзэн Марокког хожиж, хоёр дахь удаагаа тивдээ түрүүлсэн билээ.

Түүхэн амжилтыг тэмдэглэх боломжийг иргэн бүртээ олгохын тулд тус улсын Ерөнхийлөгч Бассиру Диомай Фай Даваа гарагийг цалинтай бүх нийтийн амралтын өдөр болгосноо зарлав.

Ингээд зогсохгүй шигшээ багийнхаа амжилтыг үнэлж, тамирчдад мөнгөн урамшуулал олгохоо Төрийн тэргүүн амлажээ.

Сенегалын шигшээ баг 2021 оноос хойш хоёр дахь удаагаа тивдээ түрүүлж буй. Тэд таван жилийн өмнө Египетийг торгуулийн цохилтоор буулган авснаар анх удаа тивийн аварга болж байв.

Ерөнхийлөгч Б.Фай орон нутгийн телевизээр ард түмэндээ хандаж "Бид талбай дээр жинхэнэ эх оронч эрчүүдийг харлаа. Энэ ялалт бол арслангууд, дасгалжуулагч болон Сенегалын ард түмнийх юм" гэж онцолжээ.

Шигшээ тоглолтын үндсэн цагт шүүгчийн мэдлийн 98 дахь минутад Мароккогийн тоглогч дээр алдаа гаргасан гэж үзсэнээр торгуулийн цохилт заасан нь маргаан дэгдээсэн юм. Сенегалын дасгалжуулагчид бухимдлаа илэрхийлж, тоглогчдоо хувцас солих өрөө рүү дагуулж явснаар тоглолт 15 орчим минут саатахад хүрчээ. 

Харин шигшээгийн ахлагч Садио Манэ бусдыгаа ятгаснаар тоглолтоо үргэлжлүүлсэн. Мароккогийн довтлогч Ибрахим Диаз торгуулийн цохилтоо алдсан юм. 

Улмаар нэмэлт цагийн 94 дэх минутад Испанийн "Вильярреал"-ын хагас хамгаалагч Пап Гейе тоглолтын цор ганц гоол оруулж, багаа хожилд хүргэсэн билээ.

 

Эх сурвалж: The South African