Орос, Хятад хоёр их гүрэн Арктикийн бүс нутгийг хяналтдаа авахаар эхний алхмуудаа чимээгүйхэн, аль эрт хийчхээд “Америк, Европын ар хүзүүн дээр гараад суучихсан, хумсаа нуугаад хутгаа билүүдээд сууж” байгаа болж таарлаа. Тэдний усан онгоцууд Гринландын эрэг хавиар бараг л чөлөөтэй зорчиж, тэр хавиар зэр зэвсгээ ч агссан байж магадгүй бололтой. Хамтарсан цэргийн сургууль ч хийчихсэн байх шиг. Монголчууд бидний сонссоноос цаашгүй эзгүй шахам цас мөсний энэ орон гэнэт АНУ, Орос, Хятад, Европын Холбооны гэхчлэн дэлхийн их гүрнүүдийн өрсөлдөөний талбар яагаад болчихдог билээ? Тэгээд хэрэгт дурлан интернэтээс бага сага юм олж уншлаа.
Гэнэт ч биш юм байна л даа. Уур амьсгалын дулаарал хойд туйл-Арктикийн районд дэлхийн дунджаас 2–4 дахин хурдан явагдаж, цас мөс их хэмжээгээр хайлбал цаашдаа далайн усан тээврийн шинэ зам нээгдэх боломжтой гэсэн үзэл санаа одоогоос 30 гаруй жилийн тэртээ 1990-ээд оноос яригдаж эхэлжээ. Ялангуяа 2010 оноос хойш Арктик зуны улиралтай болсноор Хойд тэнгисийн зам (Northern Sea Route), Баруун хойд гарц (Northwest Passage) бодитоор яригдаж эхэлжээ. Одоо түүгээр зуны улиралд мөс зүсэгч хөлөггүй зорчих боломжтой болж 2015 оноос бүр тогтмол маршруттай болсон байх юм.
Энэ зам одоогоор ОХУ-ын хяналтад байна. 2018 оноос Хятад улс энэ зүгт идэвхжиж улмаар “Туйлын Торгоны зам” (Polar Silk Road) гэдэг нэр хайрласан. Тэдний “Yong Sheng” хөлөг Европ–Ази хооронд Арктикаар арилжааны ачаа тээвэрлэж туршсан, цаашдаа бүр тогтмолжих бололтой.
“Туйлын Торгоны зам”-ын олон улсын стратегийн ач холбогдол юу вэ? Суэцын сувгаар зорчихоос даруй 30–40% богино замтай. Энэ нь их хэмжээний шатахуун, зардал, цаг хугацааг хэмнэнэ. Түүнээс гадна Арктикт арааны шүлс асгарам эрчим хүч, ашигт малтмалын их нөөц бий.
Ач холбогдлыг нь аль хэдийнээ олж харсан ОХУ нь Арктикийг стратегийн бүс нутгаар зарлаж “Север” нэртэй Далайн флотын нэгдсэн стратегийн командлалаа (Объединённое стратегическое командование «Север») аль 12 жилийн өмнө 2014.12.01-нд албан ёсоор байгуулжээ. Улмаар түүнийгээ 2021 оноос хойш “Умард флотын цэргийн тойрог” болгож статусыг нь өргөжүүлэн томруулжээ. Өөрөөр хэлбэл Оросын 5 том цэргийн тойргийн нэг болгосон байна.
Одоо энэ цэргийн тойрогт 80,000–100,000 орчим явган цэрэг бүхий 8–12 дивизтэй хуурай замын хүчин, “Север” гэдэг тэнгисийн хүчний флот төвлөрч байна. Мөн цөмийн шумбагч онгоцны флот тусдаа буй. Тэнгисийн явган цэргийн 2-4 дивиз ч бий. Нисэх хүчний 45-р арми нь Арктикийн агаарын баазуудад МиГ-29, MиГ-31, Су-24, Су-25, Су-27, Су-33 мөн Ил-38, Ту-142 зэрэг олон төрлийн сөнөөгч, бөмбөгдөгч, нисдэг тэрэгнүүд бүхий 2–3 дивизтэй. Гэвч нийт онгоцны тоог нь нууцалдаг. Мөн С-300/С-400 ПВО хэмээх агаарын довтолгооноос хамгаалах хүчинтэй.
Ийнхүү Арктикт Оросын хуурай замын, тэнгисийн, нисэхийн, мөн агаарын довтолгооноос хамгаалах хүчин зэрэг олон салбарыг нэгтгэсэн стратегийн хүчирхэг бүлэглэл нэгэнт бий болжээ.
“Север” нэртэй Далайн флотын нэгдсэн стратегийн командлалыг Арктикийн нөхцөлд далайд болон далайн доор үйл ажиллагаа явуулах туршлагатай офицер Вице-адмирал К Кабанцов командалдаг. Энэ цол нь хуурай замын цэргийн дэслэгч генералтай дүйцнэ.
Ийнхүү тус бүс нутагт нөлөөгөө тогтоож амжсан Орос нь анд нөхөр Хятадтайгаа 2024 онд хоёр улсын тэнгисийн цэргийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, улмаар Номхон далай-Хойд мөсөн далайн хойд хэсэгт явуулсан Оросын хамгийн том тэнгисийн цэргийн "Ocean-2024"-д сургуулилалтад Хятадын флотыг урьж оролцуулжээ. Энэхүү сургуулилалт нь “Хүйтэн дайн”-аас хойш Оросын хийсэн хамгийн том хэмжээний тэнгисийн цэргийн хээрийн сургууль болсон аж.
Арктикийн бүсэд нийт Орос, Канад, АНУ, Норвег, Дани (Гренланд, Фарерын арлуудын хамт), Исланд, Швед, Финланд зэрэг 8 улс албан ёсоор багтдаг. Эдгээр нь Арктикийн зөвлөлийн гишүүд юм. Мөн бүс нутагт оршдоггүй Хятад, Япон, Герман улсууд ажиглагч орны статустай.
Гэтэл энэ бүс нутагт “гэнэт” хүчирхэгжиж “шүдээ хүртэл зэвсэглэсэн Орос "цагаан баавгай” анд нөхөр Хятадтайгаа хоршин үндсэндээ энэ газрын “эзэн” болчихсон сууж байдаг. Харамсалтай нь АНУ, Европын Холбоо (үндсэндээ НАТО) “гар хоосон” ангайгаад сууж байдаг. Тэдэнд Орос шиг “Арктикийн тусгай цэргийн тойрог” нэртэй нэгдсэн командлал байхгүй. Ердөө 11-р агаарын десантын ганц дивиз, хэдэн F-22, F-35 сөнөөгч, стратегийн радар, агаарын довтолгооноос хамгаалах хэдэн пуужин. Арктикт АНУ-ын Тэнгисийн цэргийн байнгын флот байхгүй. Хэдэн шумбагч онгоцууд далайд хөвж шумбаж яваа. Ингээд л болоо.
Европын Холбоо нь далайн судалгаа, харуул хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаанаас цаашаа байхгүй. Хамтарсан сургуулилалт, хүнс, байгаль орчны хамгаалалт гэсхийгээд л бол оо. АНУ, Европын Холбоо (үндсэндээ НАТО) Арктикийн тусгай цэргийн нэгж үүсгэх бодлого ч байхгүй. Одоо л Трампын өнгөн дээр эхлэх шинжтэй байна.
Муугаар бодоход Орос гэнэт Гринланд руу довтолбол тэд түрэмгийллийг эсэргүүцэх чадваргүй. Аягүй бол Украинаас ч дор байдалд орж мэднэ.
Байдал нэгэнт ийм ноцтой болсон тул үүнд их түгшсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ингэж мэдэгдлээ.
Мэдээж дэлхийн чихийг дэдийлгэсэн нь ийм л учиртай. Уг асуудлыг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хэлэлцсэн. Одоо Европын Холбооны бусад удирдагчидтай хэлэлцэнэ. Хэрэлдэж сүйд болохгүй гэж би бодож байна.
Америкчууд тэнд “Golden Domе” (“Алтан пөмбөгөр") гэдэг систем байрлуулахаар зэхэж байна. Энэ нь баллистик, хэт авианы болон далавчит пуужингуудыг хөөргөхөөс өмнө эсвэл нислэгийн үеэр нь илрүүлж устгах зорилготой олон давхаргат пуужингийн довтолгооноос хамгаалах систем юм байна.
Энэ дэлхийн аль ч цэгээс хаашаа харвасан байхаас үл шалтгаалан сансарт байрлуулсан хиймэл дагуулууд түүнийг олж устгах боломжтой, дэлхий ертөнцийг хэрсэн хүчирхэг систем гэдэг утгаараа зөвхөн АНУ-ын төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдалтай шууд холбоотой маш том төсөл юм байна.
Энэ төслийн үзэл санаа аль тэртээ 1980-аад Зөвлөлт Холбоот Улсын зүгээс даян дэлхийд заналхийлж байсан цөмийн зэвгийн аюулаас үүдэлтэй, тийм аюулаас хамгаалах зорилгоор буй болсон төсөл.
1987.12.08-нд тухайн үед Зөвлөлтийн удирдагч М.Горбачёв, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган нар “Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай” гэрээнд (INF Treaty) Вашингтонд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь ЗХУ ба АНУ хоорондын цөмийн зэвсгийн өрсөлдөөнийг бодитоор бууруулсан анхны томоохон алхам болсон бөгөөд “Хүйтэн дайн”-ыг зөөлрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Ингэж тайвширснаар энэ төслийн санаа нь цаасан дээр үлджээ.
АНУ-ын санал болгож буй “Алтан пөмбөгөр” хөтөлбөрийн зардлын тооцоо нь, тухайлбал сансарт байрлах пуужингийн тоо, тэдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зардлаас хамааран 175 тэрбум доллар (Засгийн Газрын мэдээлэл), 831 тэрбум доллар (Конгрессын төсвийн албаны мэдээлэл), 3,600 тэрбум доллар (3.6 их наяад доллар буюу American Enterprise Institute гэх хүрээлэнгийн мэдээлэл) янз бүрийн тоон дүн хэлж байгаа. Одоогоор эцсийн тоо байхгүй.
Гринланд арал нь энэ асар үнэтэй төслийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой байрлал гэж мэргэжилтнүүд нь үздэг. Үүнийг Трамп ч хэлсэн. "Бидэнд Гринландын газар доорх нөөц биш газар зүйн байрлал нь чухал байна" гэж. Зүгээр ч нэг авах гээд дайраад байгаа биш бололтой. Трампын дэмийрэл, шунаг сэтгэл биш болж таарлаа.
Европчууд дэлхийн II дайнаас хойш үнэхээр сэрэмж алджээ. Үг хэлээд сонсдоггүй европчуудад энэ удаа Трамп Гринланд арлыг чинь ямар ч аргаар хамаагүй авна гэж цочроох үг хэлсэн нь түүний улс төр-диломатын уран тоглолт гэж би ойлгож байна. Үнэндээ бол хоржин үгтэй Трамп Европын Холбоог улам бэхжүүлэхийг л хүсэж байна. Харин эсрэгээрээ тэд хамтран Орос, Хятадтай сөргөлдөнө.
Одоохондоо даничууд тэргүүлсэн европчууд ууртай байна. Эсэргүүцлийн янз бүрийн үг хэлж, үйлдэл үзүүлж байна. Гэвч тун удахгүй ухаалаг европчууд даян дэлхийн энх тайван эрсдэлд ороод байгаагийн учрыг ойлгож ухаалаг Трамптай, АНУ-тай хэлэлцээний ширээнд суух биз ээ.
АНУ, Европын Холбоо хоёулаа хоёр талаасаа сөргөлдөөд бүр муудалцаад хоорондоо алалцаасай билээ гэж хамгийн ихээр хүсэн хүлээгч нь Путин мөн л дөө. Одоо Путинд тэр л хэрэгтэй байна. Суларсан Европыг ганц амьсгаагаар хусаад хаяна. Украин нь үнсэнд хаясан шалз шиг түлэгдээд юу ч үгүй болно. Трамп Европыг, Украиныг залхаагаасай–Энэ л Кремлийн өнийн хүсэл юм биш үү? Даан ч тэр хоёр тулалдахгүй. Ойлголцоно. Тэд ухаалаг хүмүүс! Энэ миний итгэл шүү!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.01.18
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!