Уншиж байна ...

Б.Цэвээндаш: Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор өвлийн улиралд 1,600 км гүйнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш "Ice Marathon 2026" хэт холын гүйлт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлав.

Тэрбээр ирэх сарын 5-ны Пүрэв гарагт 11:00 цагаас Улаанбаатар хотын төв цэг болох Д.Сүхбаатарын талбайгаас гүйлтээ эхлүүлэхээр бэлтгэлдээ гарсан байна.

Тэрбээр Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1,600 километр гүйхээр төлөвлөжээ.

Гүйлтийнхээ талаар Б.Цэвээндаш "Өвлийн хахир хатуу цагаар гүйнэ гэдэг маш эрсдэлтэй алхам. Тиймээс аюулгүй байдлаа маш сайн төлөвлөж байна. Би энэ гүйлтэд 2023 оноос хойш бэлдэж ирсэн.

Энэ гүйлтийн зорилго нь байгаль, эх дэлхийгээ хайрлая, мод тарьцгаая, хүүхэд залуус, ахмад үеийнхэндээ эрүүл зөв амьдралын талаар зөв ойлголт өгөх юм.

Би өмнө нь 2024 оны нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг гээд нийт 355 км зам туулж байсан туршлагатай. 

Энэ удаагийн гүйлт маань өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулна гэж үзвэл 45 хоног зарцуулах юм. 

Монгол хүний бие организм бол хүйтэнд дасан зохицсон байдаг. Тиймээс өвлийн хүйтэнд монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж гүйх нь бас нэгэн зорилго маань.

Дэлхийд хамгийн хол зам туулсан рекорд амжилтыг Канадын гүйгч 1,400 км зам туулснаар эзэмшдэг. Энэ амжилтыг шинэчлэх зорилгоор 1,600 км гүйхээр төлөвлөсөн" гэв.

Б.Цэвээндаш нь дэлхийн дээвэр болох Эверест оргилд өмнөд, хойд замаар авирсан цөөхөн монгол уулчдын нэг юм. Тэрбээр 2012 онд Балбын талаас авирч байсан бол дөрвөн жилийн дараа Хятадын талаас оргил руу мацсан түүхтэй.