Уншиж байна ...

Японы хотын захирагч ажилтнуудаа “хэнд ч хэрэггүй хог шаар” гэж доромжилсныхоо төлөө уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Йокохама хотын захирагч Такехару Яманака

Японы томоохон хотуудын нэг Йокохамагийн захирагч хамт ажиллагсдынхаа эсрэг доромжилсон утгатай үгс хэлснийхээ төлөө уучлал гуйжээ.

Пүрэв гарагт тус хотын хүний нөөцийн албаны дарга Жүн Күбота хэвлэлийн хурал зохион байгуулахдаа захирагч Такехару Яманакаг ажилтнуудынхаа эсрэг “хог шаар”, “тэнэг” гэх мэт бүдүүлэг үг хэллэг хэрэглэдгийг анх илчилж байв.

Японы нийгэмд доод албан тушаалтан нь дээд удирдлагаа олон нийтийн өмнө шүүмжилж, уучлал гуйхыг шаардах нь маш ховор үзэгдэл тул Күботагийн энэ үйлдэл нэлээд дуулиан тарьсан юм.

Яманака эхэндээ дээрх буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч маргааш нь хариу хэвлэлийн хурал зохион байгуулахдаа заримыг нь хүлээн зөвшөөрсөн байна.

“Би хүний нөөцийн даргад сэтгэл зүйн дарамт учруулсандаа үнэхээр харамсаж, уучлал гуйхыг хүсэж байна” гэж тэр мэдэгджээ.

Күбота мэдэгдэлдээ хотын захирагчийг ажилтнуудаа дарамтлахдаа “хэнд ч хэрэггүй хог шаар”, “усан тэнэг”, “арчаагүй амьтан” гэх мэт үгс хэрэглэдэг, бас зарим ажилтнуудаа гадаад дүр төрхөөр нь доромжлох, амьтантай зүйрлэх зэрэг ааш авир гаргадгийг баталж байв.

Захирагч бас Күботаг сүрдүүлж, хэвлэлийн хурал зохион байгуулж чадахгүй бол самурай нарын гэдсээ хүүлэх зан үйл “сеппүкү” үйлдэхийг зөвлөж байжээ.

Яманака эхлээд өөрийн хувийн вэб сайтаар дамжуулан Күботагийн мэдэгдэлд няцаалт өгч байлаа. Харин Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулахдаа заримыг нь хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

“Би энэ талаар нухацтай эргэцүүлэх болно. Би цаашдаа өөрийн үг хэллэг, ааш авирт илүү хянуур ханддаг болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Гэхдээ Яманака зарим буруутгалыг, тухайлбал ажилтнуудаа гадаад дүр төрхөөр нь доромжилж, амьтантай зүйрлэдэг байснаа үгүйсгэжээ.

Мөн өөрийн орлогчоор удирдуулсан дотоод хяналт шалгалтыг явуулахаа амласан байна.

Гэвч энэ бүхэн Күботагийн сэтгэлд хүрээгүй юм.

“Захирагч юу ч ойлгоогүй байна. Би түүний уучлал гуйлтыг хүлээж авахгүй. Би түүнийг өөрчлөгдөхийг хүсэж байна” гэж тэр даргынхаа хэвлэлийн хурлын дараа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC