Уншиж байна ...

Ираны дээд удирдагч иргэдийн жагсаал тэмцлийн үеэр хэдэн мянган хүн амиа алдсаныг анх удаа хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт хэлсэн үгэндээ Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени саяхан тус улсад өрнөсөн иргэдийн жагсаал тэмцлийн үеэр хэдэн мянган хүний амь үрэгдсэнийг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.

Ингэхдээ тэр хохирогчдын зарим нь “хүнлэг бус, зэрлэг” аргаар алагдсан гэж дүгнээд үүнд АНУ-ыг буруутгажээ.

АНУ-д төвтэй HRANA (Human Rights Activists News Agency) байгууллага өнгөрсөн хугацаанд Иранд гарсан мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоог 3,090 орчим гэж мэдээлж байгаа.

Өөр зарим байгууллагууд үүнээс хамаагүй өндөр тоо хэлж байна.

Иранд интернэтийг хаагаад удаж байгаа нь тэндээс тодорхой мэдээлэл авах боломжгүй болгосон юм.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “удахгүй тусламж очих” тул тэмцлээ зогсоолгүй үргэлжлүүлж байхыг иранчуудад уриалж байв.

Гэвч Лхагва гарагт тэр байр сууриа эрс зөөлрүүлж, 800 гаруй босогчийг цаазлах төлөвлөгөөгөө цуцалсан Тегераны эрх баригчдад талархал илэрхийлсэн юм.

Тэгвэл Хамени өчигдөр ярихдаа “Израил болон АНУ-тай холбоотой этгээдүүдийн балгаар их хэмжээний хохирол учирч, хэдэн мянган хүн амиа алдлаа. Бид АНУ-ын ерөнхийлөгчийг Иран улсад учруулсан хохирол, үрэгдүүлсэн амь насны төлөө гэмт хэрэгтэн гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Тегераны төв захаас эдийн засгийн хүндрэлийг тэвчих аргагүй болсон иргэд засгийн газрын эсрэг тэмцлийг эхлүүлсэн юм.

Тэмцэл хоёр долоо хоног гаруй хугацаанд Иран даяар үргэлжлээд энэ долоо хоногийн дундуур намжсан байна. Гэхдээ интернэт хаагдсан тул нөхцөл байдал одоо ямар байгаа нь тодорхойгүй байгаа.

Бямба гарагийн өглөөний байдлаар Ираны интернэт урсгал ердийн үеийнхээ 2 хувь орчимд ажиллаж байсныг NetBlocks байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC