Уншиж байна ...

Гринландыг авахыг нь эсэргүүцэж буй Европын найман улсыг АНУ-ын ерөнхийлөгч Трамп импортын татвараар шийтгэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гринланд арлыг АНУ-д нэгтгэх санааг нь эсэргүүцэж буй Европын найман холбоотноо импортын 10 хувийн нэмэлт татвараар шийтгэж байгааг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

“2026 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд улсуудаас АНУ-д илгээсэн бүх бараа бүтээгдэхүүн 10 хувийн нэмэлт татвартай болно. 2026 оны зургаадугаар сарын нэгнээс уг татварыг 25 хувь хүртэл өсгөнө. Энэхүү импортын татварыг Гринландыг бүрэн худалдаж авах хэлэлцээр байгуулагдах хүртэл төлөх ёстой” гэж тэр Бямба гарагт сошиал хуудсандаа бичсэн байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойш яг хоёр долоо хоногийн дараа хийсэн энэ алхам АНУ болон түүний Европын холбоотнуудын зөрчлийг улам хурцатгаж, сүүлийн 80 жилийн турш олон улсын харилцааг тодорхойлж ирсэн НАТО-гийн ирээдүйг бүрхэг болгож байгаа юм.

Трамп бас Дани улс, Европын Холбоо бүхэлдээ болон “бусад улсууд” олон жилийн турш АНУ-д татваргүй бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байсныг дурдаад энэ байдал өөрчлөгдөх цаг ирснийг анхааруулсан байна.

Техасаас гурав дахин том хэмжээтэй, дэлхийн хамгийн том арлыг Орос, Хятад улсууд эзлэхээс түрүүлж АНУ хяналтдаа авах ёстой гэсэн санаагаа тэр энэ удаа давтан илэрхийлсэн юм.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер уг шийдвэрийг “маш буруу” гэж тодорхойлоод АНУ-ын засаг захиргаатай нэн даруй ярилцахаа мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Татварын заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд яригдаж буй асуудалтай холбох ямар ч үндэслэлгүй” гэж англи, франц хэлээр сошиал хуудсандаа бичсэн байна.

Гринланд арлын талаар Трамп “Одоо, олон зууны дараа Дани улс буцааж өгөх цаг болсон. Дэлхийн энх тайван эрсдэлд ороод байна. Хятад, Орос улсууд Гринландыг сонирхож байгаа бөгөөд Дани улс үүний эсрэг юу ч хийж чадахгүй” гэж мэдэгджээ.

Дараа нь тэр даничуудаар тохуурхахдаа “Тэд одоогоор хоёр нохой чаргатай байгаа, саяхан нэгийг нэмсэн. Зөвхөн ерөнхийлөгч Дональд Ж. Трампын удирдлага дор Америкийн Нэгдсэн Улс л энэ тоглоомоор маш амжилттай тоглож чадна. Энэ ариун газар нутагт хэн ч хүрэх эрхгүй. Ялангуяа АНУ-ын үндэсний аюулгүй байдал, дэлхий нийт эрсдэлд ороод байхад” гэж бичсэн юм.

Бямба гарагт Дани улс болон Гринланд арлын нийслэл Нүүк хотод олон мянган хүн Трампын санаархлыг эсэргүүцэн жагссан байна.

Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен “Ерөнхийлөгчийн мэдэгдэл гэнэтийн зүйл боллоо” гэж мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдлыг Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид Ням гарагийн үдээс хойш Брюссель хотод хэлэлцэхээр шуурхай хурал зарласан байна.

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста нар Трампын авсан арга хэмжээ “Атлантын далай дамнасан харилцааг доройтуулж, аюулд унагах эрсдэлтэй” хэмээн сошиал хуудсаараа мэдэгдэцгээжээ.

Шинэ оныг Трампын засаг захиргаа маш их үймээн самуунтай эхлүүлж байна.

Тэрбээр гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилж, Гринландыг булаахаар заналхийлж, Мексик, Колумб, Куба, Иран улсуудын эсрэг хүч хэрэглэхээр сүрдүүллээ.

Трамп бас АНУ-ыг олон улсын 61 байгууллагаас гаргаж, 75 орны цагаачлалын визийг түдгэлзүүлж, төв банкныхаа даргын эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Саяхан Миннесотад гар хоосон ээжийг буудаж алсан цагаачлалын албаны ажилтнуудаа Трамп өмгөөлсөн нь америкчуудыг нэлээд бухимдуулсан.

Европын орнууд энэ долоо хоногт цэргийн алба хаагчдын төлөөллөө Дани улсын зохион байгуулж буй сургуулилалтад оролцуулахаар Гринланд аралд илгээсэн нь Трампын засаг захиргаанд дохио өгөх зорилготой байлаа.

Гэтэл өчигдөр өглөө гольфын талбайд байхдаа Трамп энэ талаар “Европын орнууд Гринланд арал руу тодорхойгүй зорилгоор цэрэг илгээсэн. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Гэвч Трампын санааг АНУ-ын Конгрессын олонх, тэр дундаа өөрийнх нь Бүгд Найрамдах намын зарим төлөөлөл дэмжихгүй байгаа.

Баасан гарагт хоёр намын хамтарсан төлөөлөгчид Данийн нийслэл Копенхаген хотод айлчлахдаа Гринланд аралд АНУ зэвсэглэн халдах нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө ажиллахаа амласан юм.

Бас саяхан явуулсан санал асуулгаар америкчуудын 75 хувь нь Гринланд арлыг нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP