Уншиж байна ...

АНУ-ын хөдөө аж ахуйн сайдын $3-ын эрүүл хоолны зөвлөмж иргэдийн ширүүн шүүмжлэлтэй тулгарав

С.Мөнхцэцэг, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Брүүк Роллинс саяхан хүн $3-оор эрүүл хооллох боломжтой талаар хэвлэлд ярьсан нь америкчуудын ширүүн шүүмжлэлтэй тулгараад байна.

Тэрбээр энэ долоо хоногт NewsNation нэвтрүүлгээр Трампын засаг захиргаа америкчуудын хоол хүнсний зөвлөмжийг шинэчилсэн тухай ярьсан юм.

Ингэхдээ хөдөө аж ахуйн яам 1,000 гаруй туршилт, симуляци явуулсны үр дүнд ердөө $3-ын өртгөөр хоол тэжээлийн үндсэн хэрэгцээгээ хангах боломжтойг баталсан тухай ярьжээ.

Тухайлбал тахиа, броколи, эрдэнэ шишийн тортилла (нимгэн бин) болон өөр нэг нэмэлт хүнсний материалаас бүрдсэн хоол ийм өртөгтэй болж буйг Роллинс тайлбарласан юм.

Гэвч сайдын ярьсан зүйл тэр дороо сошиал орчинд дуулиан дэгдээсэн байна.

Сайдын зөвлөсөн жороор хоол хийснээ үзүүлсэн егөөдөл, хошигнолууд ТикТок, Инстаграм, Реддит орчинд олноор таржээ.

зураг
 

Роллинсын хэлсэн “нэмэлт нэг материал” юу байж болох тухай хэлэлцүүлэг хүртэл өрнөсөн байна.

“Өөр нэг материал нь ганц ширхэг будаа байж болох уу?” гэж нэг нь хошигносон бол “Late Nigth” шоуны хөтлөгч Сэт Майерс “энэ ер нь хүнсний зүйл байх боломжтой юу?” хэмээн егөөджээ.

Олон хүн бодит амьдралаас тасарсан Роллинсын энэ яриаг 18 дугаар зууны Францын хааны хатан Мари Антуанетын “өлсгөлөн хүмүүст бялуу өгөх тухай” яриатай зүйрлэсэн байна.

Талх олдохгүй байгаагаас өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд бялуу өгөх санаа гаргаж байсан хатан хожим хувьсгалчдын гарт хаан нөхрийнхөө хамт цаазлуулсан юм.

 

Эх сурвалж: AFP