Уншиж байна ...

Улс төрийн хоригдлуудыг “дүүжлэхээ больсон” Ираны эрх баригчдад АНУ-ын ерөнхийлөгч Трамп талархал илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон зуун улс төрийн хоригдлыг цаазлах төлөвлөгөөгөө цуцалсны төлөө Ираны эрх баригчдад талархал илэрхийлсэн нь ер бусын ховор алхам байлаа.

Долоо хоногийн амралтын өдрүүдийг Флорида дахь эдлэндээ өнгөрүүлэхээр Цагаан ордноос гарч явах замдаа Трамп “Ираны тал 800 гаруй хүнийг дүүжлэх гэж байснаа больсон. Энэ шийдвэрт нь би маш их талархаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сүүлийн хэдэн өдрийн турш Иранд өрнөж буй иргэдийн жагсаал тэмцлийг дэмжиж, хэрвээ жагсагчдыг алахаа зогсоохгүй бол хөндлөнгөөс оролцохоо Тегераны эрх баригчдад анхааруулж байсан Трамп гэнэт ийнхүү зөөлөрсөн нь анхаарал татаж байна.

Жагсаал тэмцлийн үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг хүний эрхийн байгууллагууд баталж байгаа. Трампын сүүлийн мэдэгдлээс харвал Ираны дэглэмийн эсрэг хүч хэрэглэх АНУ-ын төлөвлөгөө өөрчлөгдсөн байж болзошгүй байна.

Трамп өмнө нь Ираны иргэдэд тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж, АНУ-ын тусламж “замдаа гарсан” талаар мэдэгдэж байлаа.

Өчигдөр энэ амлалт хэвээр эсэхийг сэтгүүлч асуухад тэр “За, юу болохыг харцгаая” гэж хариулжээ.

Арабын орнууд, Израилийн албаныхан Иранд халдах төлөвлөгөөгөө эргэж харахыг ятгасан нь үнэн эсэхийг асуухад Трамп “Намайг хэн ч ятгаагүй. Би зөвхөн өөрийнхөөрөө шийддэг” гэж хариулсан юм.

Ингэхдээ тэр Тегераны дэглэм цаазлах шийдвэрээ цуцалсныг яаж мэдсэнээ тайлбарлаагүй байна.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Тегеранд эхэлсэн нь Иран даяар өргөжсөн юм. Харин сүүлийн хэдэн өдөр Тегеран болон бусад хотуудад жагсаал болоогүй, тайван байсан тухай мэдээ ирж байна.

Гэсэн хэдий ч Баасан гарагт АНУ-д төвтэй HRANA (Human Rights Activists News Agency) байгууллага амиа алдсан хүмүүсийн тоо 2,797 хүрч, цаашид үргэлжлэн өсөхөөр байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press