Пүрэв гарагт Цагаан ордонд зочлохдоо Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо өөрийн Нобелийн энх тайвны шагналын медалийг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэсэн билээ.
Дональд Трамп өөрийгөө энэ шагналыг авах эрхтэй хүн гэж байнга гомдоллодог ч өнгөрсөн оны шагналыг Мадурогийн дэглэмтэй олон жил тэмцсэнийхээ төлөө Мачадо хүртсэн юм.
Уулзалтын дараа Цагаан ордон Трамп, Мачадо нарын том алтан хүрээтэй жаазанд байрлуулсан медаль барьсан гэрэл зургийг нийтэлжээ.
Трамп уг бэлгийг хадгалах хүсэлтэй байгааг Цагаан ордны эх сурвалж мэдээлсэн байна.
Нобелийн шагнал нь медалиас гадна диплом, 11 сая швед кроноос ($1.19 сая) бүрддэг.
Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Нобелийн энх тайвны шагналыг олгодог Норвегийн Шагналын Хороо медалийг хүртсэн анхны эзнээс нь салгаж ойлгох ёсгүйг анхааруулжээ.
“Медаль, диплом, мөнгөн шагналд юу тохиолдсоноос үл хамааран анхны шагналтан нь түүхэнд тэмдэглэгдсэн хэвээр үлдэх болно. Нобелийн сангийн дүрэм журамд шагналтан өөрийн медаль, диплом, мөнгөөр юу хийж болохгүй талаар ямар нэг хязгаарлалт байхгүй. Энэ нь шагналтан эдгээрийг хадгалах, бэлэглэх, зарах, хандивлах эрхтэй гэсэн үг юм” гэж уг мэдэгдэлд тайлбарласан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!