Уншиж байна ...

Гринланд арлыг АНУ-д нэгтгэхийг дэмжихгүй байгаа улсуудыг худалдааны татвараар шийтгэхээ Трамп анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гринланд арлыг АНУ-д нэгтгэхийг дэмжихгүй байгаа улс орнуудыг худалдааны өндөр татвараар шийтгэж болзошгүйг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анхааруулжээ.

Тэрбээр хэдэн сарын турш Дани улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог дэлхийн хамгийн том арал Гринландыг ямар нэг аргаар АНУ-д нэгтгэх санаархлаа илэрхийлсээр байгаа.

Ингэхдээ бүр цэрэг, зэвсгийн хүч хэрэглэх хувилбарыг ч үгүйсгэхгүй байна.

Баасан гарагт орон нутгийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой арга хэмжээ Цагаан ордонд болох үеэр Трамп эмийн бараа бүтээгдэхүүний импортын татвараар Европын холбоотнуудаа хэрхэн сүрдүүлж байсныг дурсаж, энэ аргаа Гринландад бас хэрэглэж болохыг хэлсэн юм.

“Би үүнийг Гринландын асуудалд бас хэрэглэж болох юм. Хэрвээ улс орнууд Гринландыг нэгтгэхийг дэмжихгүй бол би тэдэнд өндөр татвар ногдуулж магадгүй. Учир нь үндэсний аюулгүй байдлын үүднээс Гринланд бидэнд зайлшгүй хэрэгтэй. Тиймээс би үүнийг хийж магадгүй” гэж тэр хэлжээ.

Трамп өмнө нь энэ асуудлыг хүчээр шийдэхдээ худалдааны арга хэрэгсэл ашиглах талаар ярьж байгаагүй юм.

Энэ долоо хоногийн эхээр Дани, Гринландын гадаад хэргийн сайд нар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай Вашингтонд уулзсан.

Тэд Гринландын асуудлыг хэлэлцэх талуудын ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон ч үзэл бодлын зөрүүгээ арилгаж чадаагүй юм.

Гринланд арлын 57,000 орчим оршин суугчдын ихэнх нь алсдаа Даниас тусгаар тогтнох хүсэлтэй ч АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцэж байгаа.

Европын орнууд ч бас Гринландын хувь заяаг зөвхөн Дани болон Гринландын олон нийт шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна.

Өчигдөр АНУ-ын Конгрессын хоёр танхимын хэсэг гишүүд Дани, Гринландын эрх баригчидтай Копенхаген хотод уулзжээ.

Тэдний байр суурь Цагаан ордныхоос ялгаатай байсан юм.

Тухайлбал төлөөлөгчдийн ахлагч, Делавар мужаас сонгогдсон Ардчилсан Намын хууль тогтоогч Крис Кунс “225 жилийн турш найдвартай холбоотон, түнш байсан” Дани, Гринландын удирдагчдад талархал илэрхийлээд “энэ харилцаагаа цаашид хэрхэн бэхжүүлэх талаар ярилцах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн байна.

Аляска мужаас сонгогдсон Бүгд Найрамдах Намын сенатор Лиза Мурковски “Гринландыг бид өөрийн өмч гэж биш, холбоотон гэж харах хэрэгтэй. Энэ байр сууриа бид та бүхэнд дуулгахаар ирлээ” гэж мэдэгджээ.

Трамп өөрийн үзэл бодлыг зөвтгөхдөө Орос, Хятадын аль нэг нь Гринландыг булаан эзэлж болзошгүй гэж тайлбарладаг.

Өчигдрийн уулзалтад оролцсон Гринланд арлаас Данийн парламентад сонгогдсон гишүүн Ааяа Чемниц “Бид Гринландын аюул заналын талаар хэтрүүлсэн худал яриаг олонтоо сонслоо. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр хамгийн том аюул АНУ-ын зүгээс л гарч байна” гэж хэлжээ.

Мягмар гарагт Гринландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нилсен “Хэрвээ бид АНУ, Дани хоёрын нэгийг сонгох бол Данийг сонгоно. Бид НАТО-г сонгоно. Данийн Хаант Улсыг сонгоно. Европын Холбоог сонгоно” гэж мэдэгдсэн юм.

Аляска, Канад, Гринланд, Оросын Чукоткад тархан амьдардаг Инуит угсаатнуудыг төлөөлдөг Гринландад төвтэй “Inuit Circumpolar Council” байгууллагын тэргүүн Сара Олсвиг “Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг өөрөөсөө хүч буурай үндэстнүүдийг хэрхэн хардаг нь эндээс мэдэгдэж байна. Энэ бол үнэхээр санаа зовоосон асуудал” гэж хэлээд уугуул инуитууд дахин колоничлогдохыг хүсэхгүй байгааг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press