Уншиж байна ...

Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны эхний хэсгийг $500 саяар заржээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Венесуэлийн газрын тосыг ачсан хөлөг Техасын боомтод ирээд байгаа нь

Мадурог төрийн эрхээс зайлуулсныхаа дараа Трампын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны эхний хэсгийг $500 саяар зарсныг Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Эх сурвалж худалдан авагч хэн байсныг нэрлээгүй бөгөөд удахгүй дараагийн наймаанууд шийдэгдэх төлөвтэй байгааг нэмж дуулгасан байна.

“Ерөнхийлөгч Трамп хар тамхины террорист Николас Мадурог баривчилсны дараа Венесуэл улсад түүхэн эрчим хүчний гэрээг зуучилсан бөгөөд энэ гэрээ АНУ болон Венесуэлийн аль алиных нь ард түмэнд ашиг тусаа өгөх юм” гэх Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Рожерс хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Трамп сошиал хуудсандаа “Венесуэлийн түр засгийн газар 30-аас 50 сая баррель өндөр чанартай, олон улсад хориглогдсон газрын тосыг АНУ-д шилжүүлэх болно. Энэ газрын тос зах зээлийн үнээр зарагдаж, орлого нь миний хяналтад байх болно” гэж бичиж байв.

Тэр бас өөрийн томоохон газрын тосны компаниудад Венесуэлд хөрөнгө оруулахыг уриалж байгаа.

Америкийн компаниуд нийтдээ $100 тэрбумын хөрөнгө оруулахаар бэлдэж байгааг Трамп сүүлд зарласан юм.

Өнгөрсөн долоо хоногт тэр газрын тосны бизнесмэнүүдтэй уулзахдаа “Та нар бидэнтэй шууд тохиролцох ёстой. Венесуэл улс үүнд ямар ч хамаагүй. Бид та нарыг Венесуэлийн засгийн газартай харилцахыг хүсэхгүй” гэж хэлж байв.

Өөрөөр хэлбэл Венесуэлийн түр засгийн газар өөрийн газрын тосны нөөцийн талаар ямар ч шийдвэр гаргах эрхгүйг Трамп үүгээр баталсан юм.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “Ерөнхийлөгч Трамп хар тамхины наймаачид, террористууд, гадаадын өрсөлдөгчид дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын баялгийг завшихаас сэргийлэн хамгаалж байна” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP