Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн "Бостон Брюинз" баг нэгэн цагт ахлагч нь явсан Здено Харагийн 33 дугаарыг мөнхөллөө.
Өдгөө 48 настай словак эр 1996 онд NHL-драфтлагдсан цагаасаа хойш лигийн шилдэг хамгаалагчдын нэг байв. "Бостон"-д замналынхаа оргил үеийг буюу 2006 оноос хойш 2020 оныг хүртэл хүчин зүтгэсэн З.Хара ирсэн даруйдаа багийн ахлагчаар томилогдож байсан юм.
Лигийн шилдэг хамгаалагчид олгодог Жэймс Норресийн цомыг 2009 онд авсан З.Хара замналынхаа турш Стэнлийн цомыг ганц л удаа өргөж байлаа.
Словакийн шигшээ багийн хамт Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хошой мөнгө, Дэлхийн цомоос нэг удаа мөнгөн медаль хүртсэн.
2022 онд их спортоо албан ёсоор орхисны дараа NHL-ийн Алдрын танхимд нэрийг нь мөнхжүүлсэн билээ.
The Atletic сэтгүүлээс 2023 онд лигийн бүх цаг үеийн 100 шилдэг тамирчныг цувралаар танилцуулахад 57-д бичигдсэн.
206 см өндөртэй З.Хара одоо ч лигийн түүхэнд тоглосон хамгийн өндөр тоглогч гэж бүртгэгддэг. Хоккейчин болохоосоо өмнө сагсан бөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй явсан тэрбээр зодог тайлсныхаа дараа триатлоны спортоор хичээллэж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!