Уншиж байна ...

А.Батпүрэв: Сүүлийн 10 жилийн хугацаанд дундаж монгол айл 7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын удирдлагууд намынхаа дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тус намын үндсэн дүрмийг Улсын Дээд Шүүх албан ёсоор бүртгэж авсан. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа чөлөөлжээ. Шинэ дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгч ажиллах аж.

Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй А.Батпүрэв нийгэм, эдийн засгийн зарим тоон баримтыг танилцууллаа.

Тэрбээр “2016-2026 он хүртэл буюу сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Ардын Нам засгийн эрх барьсан. Энэ хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж монгол айл 7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэдэг тооцоо гарсан. Энэ бол тухайн он тус бүрийн айл өрхийн орлого, зарлага дахь хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь болон үнийн өсөлтийн албан ёсны статистикт үндэслэсэн тооцоо юм.

7 сая төгрөгийн алдагдал гэдэг бол зарим айл өрхийн хувьд боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө 7 саяар багасгасан, хадгаламж бий болгох боломжоо алдсан, мөн тийм хэмжээний өр зээл нэмэгдсэн гэсэн үг.

2025 оны дөрөвдүгээр улиралд инфляц 8 орчим хувьтай гарсан. Айл өрхийн сарын зарлага дунджаар 2.9 сая төгрөг гэдэг статистик бий. Ингэж авч үзвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын байдлаар нэг монгол айл өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад яг адилхан хэрэглээтэй байгаа хэр нь 220-230 мянган төгрөгийн зардал илүү гаргаж байна. Жилийн дүнгээр аваад үзвэл энэ нь 2.5 сая төгрөг болно. Гэтэл цалин, тэтгэвэр энэ хэмжээгээр нэмэгдээгүй. Тиймээс айл өрхийн бодит орлого буурч, амьжиргаа доройтож байна. Инфляцын өсөлтийн энэхүү учир шалтгаан нь төсвийн бодлоготой холбоотой. Цалин, тэтгэврийг 100 төгрөгөөр нэмэхийн тулд төсвийн 1,000 төгрөгөөр тэлдэг. Үүний улмаас мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, валютын ханш, инфляц өсдөг. Эргээд энэ өсөлт нь цалин, тэтгэврийн 100 төгрөгийн нэмэгдлийг “идчихдэг”. Ийм байдалтай байгаа учраас төсвийн завхралыг засахгүйгээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломжгүй юм.

Тиймээс АН төсвийн реформ хийж, төрийн цомхон болгох ёстой гэдэг байр суурийг баримталж ирсэн. Цаашдаа энэ чиглэлээр санал, санаачилга гаргах ажиллах болно” гэв.