Уншиж байна ...

"Парламент өнгөрсөн намрын чуулганаар хоёрхон бүтэн хууль баталсны нэг нь О.Амгаланбаатарын санаачилсан Чоно агнах хууль байсан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай Төрийн ордонд уулзалт зохион байгуулж байна. 

Энэ үеэр аймгийн засаг дарга нар орон нутагт бие дааж шийдвэр гаргах эрх мэдэл өгөх талаар асуудал хөндлөө. Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар тайлбар өгөв. 

Тэрбээр "Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой асуудал бүгд хуулиар зохицуулагдсан. Өмнө нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлээд сумын сургуулийн захирлыг сум нь өөрөө томилоод янз янзаар үзсэн. 

Сүүлд эрх мэдлийг төвлөрүүлсэн. Хэрэгжүүлэх явцдаа зөвшилцөж томилно гэдэг нэр төдий болчихсон асуудал учраас хуульд өөрчлөлт орох хэрэгтэй. Та бүхэн улс төрийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Өнгөрсөн намаржингаа төсвөө баталсаар байгаад таарлаа.

Парламент өнгөрсөн намрын чуулганаар хоёрхон бүтэн хууль баталсны нэг нь төсвийн тухай хууль, нөгөө нь О.Амгаланбаатар гишүүний санаачилсан чоно агнах тухай хууль байсан. Бусад нь нэмэлт, өөрчлөлтүүд байсан. 

Газрын тухай хууль бол 60 гаруй хуультай холбоотой асуудал юм. Тиймээс төрийн албан чиг үүргийг дахин инженерчилж, хуваарилах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан. Энэ бол зөвхөн аймаг орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх тухай асуудал бус яамдын чиг үүрэгтэй холбогдож байгаа.

Зөвхөн Байгаль орчны яамны чиг үүрэг гэхэд 114 давхардал чирэгдэл байна. Давхардлыг дагаад орон тоо, орон тоогоо дагаад илүү төсөв гараад байна. Тиймээс бүхэлд нь дахин инженерчилж үзнэ. Аймгийн хяналтын газруудын чиг үүргүүд давхардсан, олон даргатай болчихсон. Иргэд маш их шүүмжилж байна. 

Түгээмэл тархац, газрын асуудлыг орон нутагт хуулийн хүрээнд эрх шилжүүлэх боломжийг судалж танилцуулах үүрэг өгсөн. Хуулиар заасан асуудалд эрх шилжүүлэх бололцоогүй юм билээ. Сүүлд нь асуудал үүсвэл эрх шилжүүлсэн байгууллага нь хүлээх гээд байдаг. Ямар ч байсан аймаг орон нутагтайгаа зөвшилцөх чиглэл өгч байгаа" хэмээн хариуллаа.