Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдаж үлдсэн эртний чонын бэлтрэгийн ходоодноос эрдэмтэд устаж алга болсон эртний ноост хирсийн үлдэгдлийг олжээ.
2011 онд Сибирийн зүүн хойд хэсгийн Тумат тосгоны ойролцоо газраас маш сайн хадгалагдаж үлдсэн хоёр сартай эм бэлтрэгийн цогцос олдож байсан юм.
Энэ амьтныг 14,400 жилийн өмнө хөрсний нуралтын улмаас үүрэндээ дарагдаж үхсэн гэж судлаачид дүгнэж байжээ.
Улмаар бэлтрэгийн ходоодонд байсан хоолны үлдэгдэл мөнх цэвдэгт маш сайн хадгалагдаж үлдсэнийг бас илрүүлсэн байна.
Эндээс 14,000 орчим жилийн өмнө устаж алга болсон гэгддэг хирсийн махны хэсэг олджээ.
Стокхольмын Их сургууль болон Шведийн Байгалийн Түүхийн музейн хамтран байгуулсан Палеогенетикийн Төвийн судлаач, доктор Камило Чакон-Дюк энэ биологийн материалыг ашиглан эртний хирс ямар амьтан байсныг, яагаад устах болсон шалтгааныг тодорхойлох ховор боломж гарсныг мэдээлсэн байна.
Түүний багийнхан чонын ходоодноос гарсан махнаас эртний хирсийн геномыг хэрхэн тайлсан тухай ажлын тайлангаа “Genomy Biology and Evolution” сэтгүүлд нийтлүүлжээ.
Үүнийгээ мөстлөгийн үеийн амьтны үлдэгдлийг өөр нэг амьтны ходоодноос олж авсан анхны тохиолдол гэж онцолсон байна.
“Энэ бол бидний геномыг нь тайлсан хамгийн сүүлийн үеийн ноост хирс” гэж Чакон-Дюк тайлбарлажээ.
Эрдэмтэд 18,000 болон 49,000 жилийн өмнө амьдарч байсан энэ амьтны хоёр тусдаа олдворын сорьцтой харьцуулж шинжлээд 14,000 жилийн өмнө тоо толгой нь олон байсан ч нэлээд богино хугацааны дотор (300-400 жил) устсан гэж дүгнэсэн байна.
Одоо устах болсон гол шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Палеогенетикийн Төвийн профессор Лав Дален тус бүс нутагт хүмүүс ирснээс хойш 15,000 жилийн дараа ноост хирс амьдрах чадвартай байснаас үзвэл устсан шалтгаан нь ан гөрөө биш, уур амьсгалын өөрчлөлт байх магадлалтай гэж үзэж байна.
Тухайлбал сүүлчийн мөстлөгийн дараах “Bølling-Allerød Interstadial” гэж нэрлэгддэг 14,700-12,900 жилийн өмнө үргэлжилсэн дулаарлын үзэгдэл үүнд гол үүрэгтэй байсан байж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!