Уншиж байна ...

Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЕБС-ийн VIII-XII ангийнханд хиймэл оюунд суурилсан платформоор англи хэл заана

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ) нь Английн "Efekta Education" LTD-тай 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний сургалтын "Ef Efekta" платформыг туршилтаар хэрэгжүүлэхээр болж байна. Англи хэлний энэхүү платформыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн багш, суралцагчдыг хамруулан нэвтрүүлэх юм.

Өчигдөр БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Efekta Education" LTD-ийн дэд ерөнхийлөгч Saranjit Sangar, Азийн орнууд хариуцсан бизнес хөгжлийн захирал Layla Begjanova нарыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү платформ нь сонгогдсон дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтыг дэмжихэд чиглэнэ. Суралцагч нэг бүрийг B2 түвшний сертификаттай төгсгөхийг зорих бөгөөд суралцагчид өдөрт 2-3 цагийг бие даан суралцахад зориулж, багш, эцэг эх, асран хамгаалагч нар хамтран ажиллаж, явц үр дүнг бодит цагийн горимоор бүртгэж, зөвлөгөө мэдээллээр хангах юм.

"Efekta Education" LTD-ийн дэд ерөнхийлөгч Saranjit Sangar хэлэхдээ "Манай платформ бусад ижил төрлийн платформуудаас дор хаяж нэг жилээр түрүүлэх хэмжээний өндөр түвшний хөгжүүлэлт хийгдсэн, одоогоор дэлхийн 15 улс ямар нэг хэмжээгээр ашиглаж байгаагаас гурван улс үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн" гэдгийг онцлов.

Дээрх гурван дүүрэгт 2026 оны тавдугаар сарыг дуустал энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлж, үр дүнгээ нэгтгэнэ гэж БЕГ-аас мэдээлэв.

зураг