Энэ сарын эхээр ахлах дасгалжуулагч Рубен Аморимоо халсан Английн "Манчестер Юнайтед" клуб улирал дуустал Майкл Каррикийг шинэ албанд томилсон байна.
Улаан чөтгөрүүдийн албан ёсны мэдэгдэлд клубийн хөлбөмбөг хариуцсан захирал Жэйсон Уилкокс "Майкл бол сайн дасгалжуулагч. Тэр хожихын тулд багтаа юу хэрэгтэйг маш сайн мэдэх хүн" гэж онцолжээ.
Ирэх долдугаар сард 45 нас хүрэх М.Каррик ид үедээ хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар талбайд гарч байв. Тэрбээр 1999-2018 он хүртэлх хугацаанд Английн "Уэйст Хэм Юнайтед", "Тоттенхэм Хотспур" болон "Манчестер Юнайтед" багт тоглож байхдаа 27 гоол оруулсан нэгэн юм.
"Манчестер Юнайтед" багт тоглож байгаад 2018 онд зодог тайлснаас хойш тухайн үеийн багийн дасгалжуулагч Жозе Моуриньюгийн дасгалжуулагчийн багт үлдсэн. Улмаар Ж.Моуриньюг албанаасаа халагдахад түр орлон гүйцэтгэгчээр ажилласан түүхтэй.
Улмаар 2021 онд Норвегийн Оле Сульшерийг албанаасаа халагдахад түр хугацаанд дасгалжуулагчийн алба хашсан билээ.
2022 оны аравдугаар сард "Мидлсбро" клубийн ахлах дасгалжуулагчаар очоод 2024 онд гэрээгээ гурван жилээр сунгасан ч өнгөрсөн жил халагдсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!